Монгол үндэстэний бахархал итгэл үнэмшлийг сэрээх, Их эзэн Чингис хааны суу алдрыг бадраах, түүх, өв соёлыг даян дэлхийд таниулах зорилгоор “Ocean Pictures” студийн бүтээсэн “Чингис хаан” бүрэн хэмжээний хүүхэлдэйн кино энэ сарын 31-нд бүх кино театруудад нээлтээ хийх юм. Киног бүтээхэд нийт найман жил зарцуулсан бөгөөд эхний хоёр жилд Их эзэн Чингис хааны төрсөн нутаг буюу Дэлүүн болдог, Хар зүрхний хөх нуураар жилийн дөрвөн улиралд аялж, байгалийн тогтоцын судалгаа хийсэн байна.
Сүүлийн жилүүдэд Монгол Улсад гадаадын хүүхэлдэйн кино, анимэйшн олноор гарах болсон. Үүнээс үүдэлтэйгээр эх орны ирээдүй болсон хүүхэд, залуус гадаадын соёлын нөлөөнд автах болсон. Тиймээс Монголын түүх, соёл, үндэсний үзлийг агуулсан бүтээл туурвих болжээ.
. Ерөнхий найруулагч Б.Тэнгис, “Энэхүү кино нь Уолт Дисней болон бусад томоохон кино компаниудын стандартын дагуу бүтээсэн Монголын анхны бүтээл юм. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд судалгаа явуулахад “Монголын нууц товчоо” нь шүлэглэсэн хэлбэрээр бичигдсэн, үг хэллэг нь эртний, ойлгоход бэрх байдаг тул бүрэн гүйцэт уншсан хүүхэд ховор байсан. Тиймээс киног ойлгомжтой, энгийн үг хэллэгтэйгээр бүтээхийг зорьсон юм. Анимэйшнийг бүтээхэд санхүү, хөрөнгө оруулалтаас эхлээд багагүй бэрхшээл тулгарсан. Бид өнгөрсөн найман жилийн хугацаанд хоёр Ерөнхийлөгч, гурван Ерөнхий сайд, 25 УИХ-ын гишүүн болон бизнес эрхлэгчдэд хандсан ч дэмжлэг үзүүлээгүй” гэлээ.
Кино багийн зүгээс Бээжин, Шанхай, Хонг Конгод уг бүтээлээ танилцуулсан бөгөөд гадаадын үзэгчдийн дунд ихээхэн хүлээлт үүсээд буйг мөн дурьдсан юм. Тиймээс дэлхийн есөн оронд уг киног нээх гэрээ байгуулахаар ажиллаж байгаа бөгөөд гэрээ эцсийн байдлаар батлагдсан тохиолдолд олон нийтэд танилцуулах аж.