Турк улс энэ сарын 15-наас эхлэн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээ татваргүй нийлүүлэх орнуудын жагсаалтаас Оросыг хассан юм. Энэ нь Оросын үр тариа, эрдэнэ шиш, багсармал тэжээл, наранцэцгийн тосыг тус улс руу экспортлохыг зохиомлоор хязгаарлах нь 500 сая ам.долларын алдагдал учруулж магадгүй гэж Оросын хөдөө аж ахуйн үйлдвэрлэгчид болгоомжилж байна. Энэ тухай “Коммерсант” сонин шинжээчдийн дүгнэлтийг иш татан мэдээлжээ.
Ирэх зургадугаар сарыг дуустал Оросын экспортлогчид Турк рүү 0,5-1 сая тонн улаан буудай, 400-700 мянган тонн эрдэнэ шиш, 100-200 мянган тонн наран цэцгийн багсармал тэжээл, 250-350 мянган тонн наран цэцгийн тос амжин ачуулан экспортлох боломжтой гэж Дүн шинжилгээний “Совэкон” төвийн захирал Андрей Сизов ярьжээ.
Туркийн эрх баригчдын үйлдлээс болж экспортолж чадаагүй улаан буудай нь нөөцөд шилжих ба түүний зарим хэсгийг нь хямдралтай борлуулахаас аргагүйд хүрэх юм.
Үүнээс өмнө, дахин боловсруулах эсвэл цааш нь гуравдагч оронд экспортлох зорилгоор Туркт ХАА-н бүтээгдэхүүн оруулж ирж байгаа бол Оросын бүтээгдэхүүнийг татваргүй оруулах журам үйлчилж байсан билээ. Гэхдээ Оросын хөдөө аж ахуй бүтээгдэхүүнийг Туркийн зах зээл дээр борлуулах бол 130 хувийн татварыг төлдөг байв. Харин одоо Турк рүү Оросоос оруулж буй бүх төрлийн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнд ийм татвар ногдуулах болсон нь Оросын экспортлогчдод учрах дарамтыг эрс нэмэгдүүлж байгаа аж.