Японы парламентын өнгөрсөн пүрэв гаригт (2017.03.16) болсон хуралдаан дээр “Моритомо гакуэн” байгууллагын тэргүүн Ясүнори Кагоикэ Ерөнхий сайд Шинзо Абэгийн эхнэрээс хандив авсан. Акиэ Ерөнхий сайдаас шүү гэж хэлээд надад нэг сая орчим иен өгсөн. Мөн энэ талаар чимээгүй байхыг сануулсныг цахим шуудангаар надад илгээсэн захидлууд нотолно” гэж мэдүүлсэн нь Японд улс төрийн дуулиан дэгдээж байна.
Ерөнхий сайдын гэргийг үндсэрхэг үзэлтнүүдийн байгууллага болох “Моритомо гакуэн”-тай холбоотой гэж үзсэн Японы сөрөг хүчний улс төрийн дөрвөн нам нэгдэн хатагтай Акиэ Абэг парламентад мэдүүлэг өгөхийг шаардаж эхэлжээ. Ерөнхий сайд эхнэрээрээ дамжуулан “Моритомо гакуэн” байгууллагад мөнгө өгсөн гэдэг мэдээллийг харин Японы Засгийн газар няцаасан байна.
“Моритомо гакуэн” байгууллага Осака мужийн Тоёнака хотод 8770 м/кв талбайтай газрыг 134 сая иенээр худалдан авсан юм байна. Тус газрын үнэлгээ 956 сая иен. Гэвч тус байгууллага уг газрыг үндсэн үнээс 6-7 дахин хямд үнээр худалдан авчээ.
Тус байгууллага гэрээнд зааснаар энэ газрыг 10 жилийн турш түрээслэх гэж байтал газар дор асар их хэмжээний хог хаягдал байсан. Хур хогийн цэвэрлэхэд дор хаяж 800 сая иений зардал гарна гэж тооцсон учраас түрээсийн үнийн дүн 6-7 дахин хямдарсан гэнэ. Дуулиан үүнээс эхэлсэн аж.