ТОСК-д бүртгэлтэй, Говь-Алтай (120), Дундговь (20), Орхон (315), Хөвсгөл (135), Улаанбаатар (972)- т эхлүүлсэн 1562 айлын орон сууцны дуусгаагүй барилгыг Хөгжлийн банкны балансад шилжүүлэхээр өчигдөр Засгийн газрын ээлжит хуралдаанаас шийдвэрлэв.

Барилгыг гүйцээн барихад шаардагдах хөрөнгийг шийдвэрлэж, энэ онд ашиглалтад оруулахыг банкны ТУЗ-д нь даалгалаа. Тэдгээрийг ашиглалтад оруулсны дараа түрээсийн орон сууцны санд шилжүүлэх асуудлыг дахин авч үзэхээр болжээ.

Энэ талаар ТОСК-ын ерөнхий захирал Ж.Хичээнгүйгээс тодрууллаа.

-Барилгын ажил хэзээ эхэлж, дуусах вэ?

-Манайд барилгын ажил дөрөвдүгээр сараас эхэлдэг. Барилга угсралтыг нь хариуцаж буй компаниуд нь энэ оны арав, арваннэгдүгээр сар гэхэд бүрэн ашиглалтад оруулна гэдгээ хэлж байгаа.

-Гүйцэтгэгч компаниуд нь үргэлжлүүлэн ажиллах уу?

-Аж ахуйн нэгжүүдийг хэвээр нь байлгах боломжтой. Хөрөнгө, мөнгөний асуудлаас болж ТОСК санхүүжилтийг нь товлосон хугацаандаа олгоогүйн улмаас эдгээр барилгыг дуусгаж чадаагүй.

Шалтгаан нь ТОСК зээлийн өр, төлбөр ихтэй учраас нэмж санхүүжилт авах боломж бүрдээгүй. Барилгын ажил зогсоод бараг хоёр жил болж байгаа.

-Тэдгээр барилга хэдэн хувийн гүйцэтгэлтэй байгаа вэ?

-Хот, хөдөөд гүйцэтгэл нь харилцан адилгүй. Улаанбаатарт байгаа барилгууд 60 орчим хувийн гүйцэтгэлтэй. Хөдөөд харьцангүй цөөн барилга бий. Тэдгээр нь 30-40 хувийн гүйцэтгэлтэй байна.

-Барилгын төсөвт өртөг өөрчлөгдөх үү?

-Барилгын үндсэн хийц нь боссон учраас гайгүй болов уу.

-Ашиглалтад оруулсны дараа түрээсийн орон сууцны санд шилжүүлэх, эсэхийг шийднэ гэсэн үг үү?

-Сая эцэслэн шийдэгдсэнгүй. Гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдаж буй айл, өрхүүдийг оруулах уу, түрээсийн орон сууцны санд шилжүүлэх үү, эсвэл худалдах уу гэдгийг тухайн үед нь шийднэ.

Эх сурвалж: “Өнөөдөр” сонин

By updown

One thought on “ТОСК-д бүртгэлтэй, дуусгаагүй барилгыг арваннэгдүгээр сар гэхэд ашиглалтад оруулна”

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн