Улаанбаатар хотын хог хаягдлыг сэргээн ашиглан цахилгаан станц байгуулах асуудлаар БНХАУ-ын “Чайна Тиан Ин” компанийн төлөөлөл гуравдугаар сарын эхээр Монгол Улсад ажиллах үеэрээ Шинжлэх ухааны академид зочилж, өөрийн технологио монгол эрдэмтдэд танилцуулж, санал солилцож байсан.
Тэгвэл тус компанийн урилгаар Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч Д.Рэгдэл зарим судлаач эрдэмтдийнхээ хамтаар энэ сарын 19-23-ны өдрүүдэд БНХАУ-д айлчлаад иржээ. Энэ үеэрээ ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл, БНХАУ-ын “Чайна Тиан Ин” компанийн ерөнхий захирал Цао Дэвяо нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан байна.
Санамж бичгийн хүрээнд Улаанбаатар хотын ахуйн хог хаягдлын өнөөгийн хэмжээ, бүтэц, тархалт, ойрын жилүүдийн чиг хандлагыг судлан тогтоож, орчны бохирдолд хог хаягдлаас үзүүлэх нөлөөлөлд үнэлгээ хийх, хог хаягдлын менежментийг боловсронгуй болгоход инноваци нэвтрүүлэх зэрэг ажлыг хамтран хэрэгжүүлэхээр болсон байна.
Энэ үеэр хөндөгдсөн нэг чухал асуудал бол Улаанбаатар хотын цэвэрлэх байгууламжийн лагийг тус компанийн шатаах технологиор устгах боломжтой гэж үзсэн явдал.
Тодруулбал, AСEM-ийн чуулганы үеэр цэвэрлэх байгууламжийн үнэрийг ШУА-ийн ХХТХ-ийн боловсруулсан бүтээгдэхүүнээр нь дарж байсан нь зөвхөн түр зуурын арга хэмжээ байсан.
Цэвэрлэх байгууламжийн лагаас хүхэрлэг хий ялгардаг учраас хүний эрүүл мэнд байгаль орчинд хортой бөгөөд одоо хуримтлагдчихаад байгаа 200 гаруй тонн лагийг “Чайна Тиан Ин” компанийн шатаах технологиор устгах бүрэн боломжтой гэж хоёр талын судлаачид үзжээ.
АЗИ НОМХОН ДАЛАЙН САНСРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ БАЙГУУЛЛАГААС МОНГОЛ УЛС КОД АВЧ, САНСРЫН ЗУРГИЙГ ҮНЭГҮЙ АВЧ АШИГЛАХ, ХОЁР УЛСЫН ТҮҮХ, СОЁЛЫН САЛБАРТ ИЛҮҮ ИДЭВХТЭЙ АЖИЛЛАХ БОЛОМЖ БАЙГАА
Мөн хог хаягдлыг дахин сэргээж, эрчим хүч үйлдвэрлэдэг үйлдвэр нь Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулаад зогсохгүй олон жилийн туршид тулгамдсан асуудал болоод байгаа агаарын бохирдол, цаашлаад ус, хөрс, орчны бохирдлыг бууруулж, сэргээгдэх эрчим хүчийг дэмжсэн олон талын ач холбогдолтой чухал төсөл болохыг онцлов.
БНХАУ 13 дугаар 5 жилд хог хаягдлынхаа 50 хувь, зүүн өмнөд бүсдээ 60 хувийг нь шатааж эрчим хүч үйлдвэрлэх зорилт дэвшүүлсэн юм байна. “Чайна Тиан Ин” компанийн технологи нь энэхүү зорилтод бүрэн нийцдэг, Хятад улсын болон олон улсын байгаль орчны шаардлага, стандартуудыг өндөр түвшинд ханган ажилладаг төдийгүй дотоодын болон бусад орнуудад 40 гаруй төсөл хэрэгжүүлсэн туршлагатай компани юм байна.
ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл айлчлалынхаа хүрээнд Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд Д.Ганхуягтай уулзаж “Чайна Тиан Ин” компанийн хог хаягдал боловсруулдаг үйлдвэрүүд, судалгааны хүрээлэн, Улаанбаатар хотын утаа, агаарын бохирдол, хог хаягдал, цэвэрлэх байгууламжийн талаар санал солилцсон юм.
Энэ үеэр Элчин сайд Д.Ганхуяг “Улаанбаатар хотын хог хаягдлын асуудлыг шийдэхэд хүчин чармайлт тавьж ажиллана гэдгээ уламжилав.
Мөн Ази номхон далайн сансрын хамтын ажиллагааны байгууллагаас Монгол Улс код авч, сансрын зургийг үнэгүй авч ашиглах, хоёр улсын түүх, соёлын салбарт илүү идэвхтэй ажиллах боломж байгааг мэдээлж, ШУА-ийг бүх талаар дэмжиж ажиллахаа илэрхийлсэн байна.
Эх сурвалж: ШУА