Хавар болж цас ханзарахад малчдын дунд мотоциклийн хэрэглээ эрс нэмэгддэг. Тухайлбал 2000 он гарснаас хойш мотоциклийг морьныхоо оронд хэрэглэх болсноор хэдэн малынхаа ноос ноолуурыг төв суурин газар орж тушаах, сургууль цэцэрлэгийн хүүхэд зөөх гээд л ажлууд ид өрнөдөг. Техник иргэдэд ойртож байгаа нь тэдний амьдрал амьжиргаанд нэмэртэй боловч нөгөө талаар зам, тээврийн осолд өртөж амь нас, эрүүл мэндээрээ хохирох явдал цөөнгүй гарах болсон нь нууц биш юм.
Манай Улсад хэрэглэгдэж байгаа мотоциклын 90 орчим хувь нь БНХАУ-д үйлдвэрлэгдсэн тухай судалгаа бий. Хөдөө орон нутагт хэрэглэж байгаа мотоциклийн дийлэнх нь засмал замд зориулагдсан, хайлшин обудтай байгаа нь энэ төрлийн зам тээврийн осол, хэрэг гарах гол шалтгаан нөхцөл болж байгаа аж.
2017 онд мотоциклоор үйлдэгдсэн зам тээврийн осол 390 бүртгэгдсэний 306 нь буюу 78.7 хувь нь орон нутаг бүртгэгдсэн байна. Ослын улмаас 54 хүний амь нас хохирч, дийлэнх хувь нь толгойн хэсэгтээ ноцтой гэмтэл авсан нь амь насаараа хохирох шалтгаан болж байна. Энэ нь жолооч, зорчигч нар хамгаалалтын малгай өмсөж хэвшээгүй, мотоциклийг зориулалтын дагуу зөв зохистой хэрэглэх мэдлэг, чадвар хангалтгүй байгааг харуулж байна.
БНХАУ-д үйлдвэрлэгдсэн мотоциклийн хайлшин обуд нь цохилтын хүчийг сарниулахгүйгээр шууд бутрах өндөр аюултай байдаг байна. Гэтэл манай иргэд дээрх мотоциклийг жолоодох эрхийн үнэмлэхгүй, нас харгалзахгүй, даац хэтрүүлэн, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ болон улирал харгалзахгүйгээр, шороон замд унаж хэрэглэж байгаа нь зам тээврийн осол гарахад шууд нөлөөлж байгааг Замын цагдаагийн албанаас сэрэмжлүүллээ.