Замын түгжрэл нийслэлчүүдийн хувьд шүдний өвчин л гэсэн үг. Сүүлийн жилүүдэд Нийслэлийн захиргаа болон Замын цагдаагийн алба хамтран тодорхой өдрүүдэд автомашины дугаарын хязгаарлалт хийх болсон нь замын хөдөлгөөнийг түр ч атугай нимгэлж, иргэдийн бухимдлыг багасгаж байгаа нь үнэн. Энэ хавар дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлын үеэр замын түгжрэлийг бууруулахын тулд Нийслэл болон Замын цагдаагийн алба хамтран дугаарын хязгаарлалт хийх гэж байгаа юм.
Дугаарын хязгаарлалтыг өөрчлөх талаар мэргэжлийн байгууллагуудын хийсэн судалгааны дагуу тус газрууд иргэдээс хоёр хувилбараар санал авах гэж байна. Нийслэлчүүдийн дунд өрнүүлэх энэхүү санал асуулгыг өнөөдрөөс эхлэн НЗДТГ-ын www.ulaanbaatar.mn болон Замын цагдаагийн албаны www.traffic.police.gov.mn цахим хуудсуудаар дамжуулан авна. Энэ зун Замын цагдаагийн гүүрэн гарц, Зүүн дөрвөн замын гүүрэн гарц, Яармагийн гүүр, Налайх чиглэлийн 20.9км авто зам зэрэг томоохон бүтээн байгуулалтын ажлаас гадна 60-72 жилийн насжилттай Дөчин мянгатын цэвэр усны шугамыг Австралийн шинэ технологиар доторлох ажлууд хийгдэх учраас ойролцоох автозамыг хэсэгчлэн хаах аж.
Нэг үеийг бодвол нийслэлчүүдийн Улаанбаатарын түгжрэл болон бусад асуудлыг шийдэх асуудалд оролцож, өөрсдийн байр сууриа хүргэдэг болсон. Ажил алба, амин хувийн асуудлаа амжуулахаар яарсан бүхэнд тээг саад болж байдаг замын түгжрэл тойрсон асуудалд бүр ч идэвхитэй оролцож байгаа. Эхэндээ эсэргүүцэл дагуулсан шийдвэрүүд хэдэн өдрийн дараа зөв байсныг ойлгоод иргэд автомашины хязгаарлалтын бодлогыг дэмждэг болсон нь үүний илрэл юм. Дээрх чиглэл орчмын автозамыг дөрөвдүгээр сарын 15-наас аравдугаар сарын 1-ийг хүртэл хязгаарлах юм. Автозамыг хэрхэн хязгаарлавал зохистой вэ, аль нь зөв шийдэл болж чадах вэ? Иргэн Та санал асуулгад оролцож, нэг талаар хотын өнгө төрх, чанар чансааг нэмэх, нөгөө талаар өөрсдийнхөө ажил, амин хувийн асуудлыг шийдэхэд хамгийн чухал автозамын хөдөлгөөний байршлийг түр хугацаагаар өөрчлөх ажилд саналаа нэмэрлээрэй. Та саналаа яг одоо НЗДТГ-ын www.ulaanbaatar.mn болон Замын цагдаагийн албаны www.traffic.police.gov.mn цахим хуудаст илгээнэ үү!