Орон нутагт салхи шуурга ихтэй байгаагийн улмаас ой хээрийн түймэр гарсан, салхинд байшингийн дээвэр хууларсан, хашаа унасан зэрэг дуудлага харьяа Онцгой байдлын байгууллагуудад иржээ.
Сэлэнгэ, Ховд, Дорнод аймагт ой хээрийн түймэр гарсан байна. Тодруулбал,
Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Мөнхтолгой багийн “Хашаат” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 50 км-т/ хээрийн түймэр гарсан байна. Түймэрт нийт 2,400 орчим га талбай шатжээ.
Ховд аймгийн Чандмань сумын Сүлжээ багийн “Хар-Ус” нуурын хөвөөнд /сумын төвөөс зүүн зүгт 70 км-т/ зэгс шатжээ. Түймэрт нийт 5.2 га талбай шатсан байна.
Дорнод аймгийн Матад сумын Буян-Өндөр багийн “Төгөл гурван дэрс” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 100 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 03.26-ны өдрийн 03:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 24 алба хаагч, орон нутгийн 26 иргэн, Хилийн цэргийн 0306 дугаар ангийн 10 алба хаагч, “Пейтро-чайна Дачин Тамсаг” ХХК-ийн газрын тосны 19 дүгээр талбайгаас 11 ажилчин, нийт 71 хүн, 8 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байгаа аж.
Салхи шуурга:
Ховд аймгийн Дуут сумын төвд 03.24-ний өдрөөс 25-нд шилжих шөнө 24 м/с хүрч шороон шуурга шуурсаны улмаас сумын цэцэрлэгийн барилгын дээвэр хууларч, 10 айлын хашаа, 3 айлын гэр нурсан, мал бэлчээрлэх боломжгүй болсон талаар тус сумын Засаг дарга 03.26-ны өдрийн 12:50 цагт аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.
Баян-Өлгий аймгийн Алтай сумын нийт нутгаар 03.26-ны өдрийн 09:00 цагаас эхлэн 22-24 м/с хүчтэй шороон шуурга шуурсны улмаас Өлгий суманд 6 байшингийн дээвэр, 1 хашаа, 1 сурталчилгааны самбар салхинд хийссэн, 1 блокон хашаа нурсан, Дэлүүн суманд цахилгаан дамжуулах шугамын тулгуур багана унасан, Улаанхус сумын сургууль, цэцэрлэгийн дээвэр, Толбо суманд 1 байшингийн дээвэр, Засаг даргын Тамгын газрын төмөр хашаа, Сагсай суманд 1 байшингийн дээвэр, сумын Монгол ардын намын байр, Эрүүл мэндийн төвийн хашааны төмөр, Буянт суманд 1 гэр, сургууль, соёлын төв, эмнэлгийн дээвэр салхинд хийссэн, Толбо сумаас Дэлүүн сумын чиглэлийн цахилгааны дамжуулах шугамын 2 ширхэг багана нуржээ.
Увс аймгийн Тариалан сумын Тариалан багт /аймгийн төвөөс баруун зүгт 34 км-т/ 03.26-ны өдөр 16-18 м/с хүчтэй шороон шуурга шуурсаны улмаас иргэн З-гийн байшингийн дээвэр, иргэн Б-гийн гэр салхинд хийссэн тухай мэдээллийг 03.26-ны өдрийн 22:35 цагт хүлээн авсан. Тус сумын ЗДТГ-ын даргаар ахлуулсан 5 хүн, 1 техник хэрэгсэлтэйгээр ажилласан.
Ховд аймгийн нийт нутгаар 03.26-ны өдрөөс 03.27-нд шилжих шөнө 22-24 м/с хүчтэй шороон шуурга шуурсан. Ховд сумын 18 байшингийн дээвэр, 7 айлын гэр, 10 айлын хашаа унасан. 8 машины шил хагарсан, Соёлын төвийн 2 цонхны шил хагарсан. Мөнххайрхан сумын Соёлын төвийн дээвэр машин дээр унасан, 1 машины шил хагарсан, Хүүхдийн гэр цэцэрлэг унасан, 3 айлын гэр, 3 айлын хашаа унасан. Дарви сумын Булган багийн 3 айлын гэр, 4 айлын байшингийн дээвэр унасан. Дарви сумын Бүрэн дунд сургуулийн хичээлийн төв байрны дээвэр унасан байна. Манхан сумын Ботгот багийн Цэнхэрийн ам гэдэг газарт 1 айлын гэр унасан тухай мэдээллийг аймгийн Онцгой байдлын газраас мэдээлсэн байна.
Эх сурвалж: ОБЕГ