Малчин н.Отгонбаярын хотон дахь улаан ямаа нь таван ихэр ишиг төрүүлжээ. Ийм тохиолдол тун ховор байдаг юм. Энэ явдал Ховд аймгийн Үенч суманд болсон байна. Н.Отгонбаяр тахиа жилийн эхний төл таван ихэр ишиг мэндэлсэнд мал сүрэг өсөж үржихийн бэлэгдэл хэмээн баяртай байгаа аж. Мөн тус аймгийн Эрдэнэбүрэн сумын Шураг багийн малчин Б.Сэрдамбын хотны улаан ямаа 2011-2015 онуудад жил дараалан таван ихэр ишиг төрүүлж байсан удаатай. Малчин Сэрдамба олон жил дараалан ихэр ишиг төрүүлсэн улаан ямаагаа бусад малаас илүү хайрлаж, нүүдэл хийх үедээ машин дээр ачиж, сүрэг сэлбэж өгсөн буянт мал хэмээн дээдэлдэг гэж нутгийнхан ярьдаг аж.
Ховд аймагт ямаа нийт малын 51,4 хувийг эзэлдэг. Энэ жил тус аймагт 4 сарын эхээр мал төллөж эхлэхээр зохион байгуулалт хийсэн гэж малчид ярьж байгаа юм. Малчдын хэлсэнээр энэ хавар салхи шуурга, цас зуд багатай дулаан тогтуун байгаа нь мал төллөлтөд таатай нөлөө үзүүлэхээр байгаа гэнэ.