УИХ-ын дарга М.Энхболдод өнөөдөр (2017.03.24) Сангийн сайдаас өргөн барьсан Монгол Улсын 2017 оны төсвийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн онцлох мэдээллийг хүргэе.
Төсвийн тодотголыг улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 6.1 их наяд буюу ДНБ-ийн 23.1 хувь, нэгдсэн төсвийн нийт зарлага 8.7 их наяд буюу ДНБ-ийн 33.7 хувьтай байхаар тооцон боловсруулжээ. Ингэснээр төсвийн алдагдал 2.7 их наяд буюу ДНБ-ийн 10.6 хувьтай тэнцэх гэнэ.
Засгийн газар 2017 оны төсвийн орлогыг тогтворжуулах:
- Архи тамхины Онцгой албан татвар /ОАТ/, импортын тамхины гаалийн албан татварыг нэмэгдүүлэх
- Авто бензин, Дизель түлшний татварыг хуульд заасан хэмжээнд нэмэгдүүлэх
- Суудлын авто машины ОАТ-ыг нэмэгдүүлэх
- Хувь хүний орлогын албан татварыг шатлалтай болгох
- Хадгаламжийн хүүгийн орлогод татвар ногдуулж эхлэх
- Нийгмийн даатгалын шимтгэлийг үе шаттайгаар нэмэгдүүлэх асуудлууд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэнэ хэмээн тооцож байгаа
Харин төсвийн зарлагын тухайд:
- Эм эмнэлгийн хэрэгслийн үр ашгийг дээшлүүлснээр 10-15 хувийн хэмнэлт гаргах
- Тэтгэвэрт гарах насыг уртасгах
- Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх. Тухайлбал, хөдөө аж ахуйн салбарт мах, сүүний анхдугаар аян, атрын III аян хэрэгжүүлнэ.
- Төрийн албан хаагчийг цомхотгохоос зайлсхийж, одоо авч буй цалинг 2017, 2018 онд нэмэгдүүлэхгүй хэмээн шийдсэн байгаа. Цалинг эдийн засаг тогтворжих үед нэмнэ.
- Тэтгэвэрт хязгаарлалт тогтоогоогүй.
- Хүүхдийн мөнгийг зорилтот бүлэгт шилжүүлж, 40 хувийг нь хоолны талон хэлбэрээр олгоно
- Зарим хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, салбарын онцлогоос үүдэн нэмэгдэл олгож байсан зарим нийгмийн чанартай арга хэмжээг зогсооно. Тухайлбал, Цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулиар төсвийн орлогыг жилдээ 50 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр заалт орсныг түдгэлзүүлэх шаардлага үүссэн байна.