Аливаа зураг, хөрөг ардаа заавал түүх дагуулж байдаг. Тийм түүхийг өгүүлсэн нэгэн зурагт зэрэгцэн зогсох цэргийн дүрэмт хувцастай, шижигнэсэн залуусын тухай сурвалжилсан цухас бичиглэлээ дэлгэмү. Цэргийн хувцастай энэ гурван хүний голын хүний зүс, царайг бол миний хувьд наяад оны үед харж байсан юм. Тэгээд ч цэргийнхний нэгэн жарныхан, мөн МУИС-ийг дүүргэсэн бараг тийм хугацааны оюутнууд бараг андахгүй дээ, энэ генералыг. Тийм ээ, энэ генерал бол Монголын Ардын арми, Зэвсэгт хүчнээс төрсөн, Цэргийн түүхийн ухааны анхдагч эрдэмтэн, доцент, дэслэгч генерал, олноо “Явган генерал” хэмээн цоллогдсон Самбуу овогтой Цагааны Самдан гэлэг гуай юм.
Нөгөө хоёр нь мөн Самбуу овогтой Хасбазарын Оп, Сүрэнгийн Юнгэрдорж нар. Тэдний өвөг эцэг Самбуу нь Завхан аймгийн Тэлмэн сумын уугуул гаралтай нэгэн байжээ. Тэрбээр Нөмрөгийн хийдэд шавилан сууж, шашин номын ухаанд нэвтэрхий боловсорч, хоёр охин, зургаан хүүг өсгөн бойжуулж, нутаг усандаа “Мэргэн Самбуу” гэж алдаршсан хүндтэй нэгэн байжээ. Энэ хүний хоёр ач, нэг зээ хүү нь 1945 оны Чөлөөлөх дайнд оролцож, дайн дууссаны маргааш өдөр нь ах, дүү гурав Жанчхүүгийн даваанд зургаа татуулсан нь 73 жилийн дараа анх удаа сонины хуудаснаа тавигдаж байгаа нь энэ. Самбуу овогтой Ц.Самдангэлэг 1910 онд Дөрвөдийн зүүн гарын Чуулган, төгс хүлэг Далай ханы аймгийн Эетэй засгийн хошуу, одоогийн Увс аймгийн Тэс суманд төржээ. 1932 онд цэрэгт мордож, 1933-1934 онд бага даргын сургууль, 1934-1938 онд хуучнаар ЗХУ-ын Тамбов хотын Морин цэргийн дунд сургууль, 1942-1946 онд Москва хотын М.В.Фрунзын нэрэмжит Ерөнхий цэргийн академи, 1957-1960 онд мөн ЗХУ-д В.И.Лениний нэрэмжит Цэрэг-Улс төрийн академийн адьюнктурт суралцан төгссөн нэгэн.
Энэ хугацаанд 1934 оны 5-10 дугаар сард ЦЕС-ийн Улс төрийн суманд сурагч, 1938-1939 онд мөн сургуулийн Сумангийн дарга, буудлагын удирдагч, 1939-1940 онд Өлгийн хийд дэх 10 дугаар морьт дивизийн дарга, 1940-1942 онд Матад дахь 8 дугаар морьт дивизийн дарга, 1946-1948 онд Тамсагбулаг дахь 6 дугаар морьт дивизийн дарга, 1948-1949 онд МАХЦ-ийн Жанжин штабын Тагнуулын хэлтсийн дарга, 1949-1983 онд МУИС-д Цэрэг, биеийн тамирын кафедр, Тусгай бэлтгэлийн тэнхим, Иргэний хамгаалалтын тэнхимийн эрхлэгчээр ажиллаж байгаад гавьяаныхаа амралтад гарсан генерал хүн байв. Түүний батлан хамгаалах салбарт оруулсан хувь нэмрийг нь төр, засгаас өндрөөр үнэлж, 1961 онд хошууч генерал, 1971 онд дэслэгч генерал цол, Сүхбаатарын одон, Байлдааны гавьяаны Улаан тугийн одон, Байлдааны гавьяаны одонгоор хоёр удаа, Алтангадас одонгоор гурван удаа, ойн бусад медалиудаар шагнажээ.
Самбуу овогтой Хасбазарын Оп 1920 онд Увс аймгийн Тэс суманд төрсөн. 1940 онд цэрэгт татагдаж, долоон жил алба хаахдаа 1945 оны Чөлөөлөх дайнд Жанчхүүгийн даваа хүртэл тулалдаж, бага дэслэгч цолтой халагдсан. Тэрбээр энэ хугацаанд Сайншанд дахь Буудлагын батальонд Хэрэг бүртгэгч,ХЗЭ-ийн үүрийн дарга, Санхүүгийн албаны даргаар ажиллажээ. Цэргээс бэлтгэлээр халагдаад Хотын худалдаа удирдах газар мэргэжилтэн, ҮЭ-ийн хорооны дарга, албан байгууллагуудыг бараагаар хангах Шар дэлгүүр хийгээд Хүүхдийн барааны дэлгүүрийн даргын албыг хашиж, энхийн цагт ч хоёргүй сэтгэлээр улсдаа зүтгэж “Таван жилийн гавшгайч”, бусад ойн медалиуд, “Онц сэргийлэгч” тэмдгийн эзэн болсон байна. Самбуу овогтой С.Юнгэрдорж 1915 онд Увс аймгийн Тэс сумын нутагт төрж, 1940 онд дүү Х.Опын хамт цэргийн албанд татагдаж, хожмоо БНМАУ-ын баатар Д.Нянтайсүрэнгийн Хуягт бригадад жолоочоор томилогдон, 1945 онд Жанчхүүгийн давааг хүчит техникийн эрчээр давсан цэрэг эр. Цэргээс халагдаж аймгийнхаа БУТ-д бригадын даргаар олон жил ажиллажээ. Ах, дүү гурвыг тэр л он жилүүдэд “Бид ялав”, ЗХУ-ын “За победу над Японией” медалиар шагнасан зэрэг өөр бусад бичиг баримтын талаарх Батлан хамгаалахын төв архивын лавлагааг Х.Оп гуайн охин О.Оюун гуай 2014 онд авчээ.
Хэдийгээр өнөөдөр ах, дүү гурав хорвоогийн жамаар халин одсон ч, энэ л гуравын нэрийн өмнөөс БХ-ын сайдын тушаалаар О.Оюун гуайг “1945 оны Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойн медаль”-иар шагнасан билээ. Дашрамд тэмдэглэхэд, ах, дүү гуравын тухай би өгүүлэл бичиж суухдаа Чөлөөлөх дайны ялалтын 65 жилийн ойн нэрэмжит дууны уралдаанд: Хүний нутгийн хүйтэн хөрсөнд Цэл залуугаараа өнөд нойрссон Баатрын энтэй аавын хөвгүүдээ Эх орон тань хэзээ ч мартахгүй ээ! Дөчин таван оны намар аа Зүүдэн хулжаан алсран одсоор ч Дорно болоод Өрнийн түмний Жаргалын үүдийг нээсэн их ялалт аа!… Нэгэн мянга есөн зуун дөчин таван онд Их Хянганыг давах гэж Хүчит техник сөхөрч байсан юм Нэгэн мянга есөн зуун дөчин таван онд Их ялалтыг байгуулах гэж Газар, тэнгэр буцалж байсан юм… гэсэн дуугаараа шагналт байрт шалгарч байлаа.
Эх сурвалж: “Соёмбо сонин”