“Худалдааны тухай хууль”-ийн хүлээлт ба салбарын өнөөгийн байдал 2018 бизнес эрхлэгчдийн чуулганыг өнөөдөр Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Монголын Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхим хамтран зохион байгууллаа. Монгол Улсын нийт хүн амын 45 гаруй хувь нь оршин суудаг нийслэл Улаанбаатар хотод худалдаа, үйлчилгээний салбарын 69 хувь нь төвлөрч, бөөний болон жижиглэн худалдааны нийт борлуулалт нь улсын хэмжээн дэх борлуулалттай харьцуулахад 90-95 хувийг эзэлж, 300 орчим мянган хүнийг ажлын байраар хангаж нийгэм, эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулдаг томоохон салбар юм.
Гэвч зуугаад жилийн түүхтэй худалдааны салбар нь өнөөдөр “Худалдааны тухай хууль”-гүй байна. Сүүлийн жилүүдэд дэлхий нийтийн хөгжлийн чиг хандлага, хүн амын хэрэглээ, соёлын өөрчлөлтийг дагалдан олон улсын стандартад нийцэхүйц хоол, худалдаа, үйлчилгээний газрууд нийслэл холтноо олноор бий болж байна. Хөгжлийн шинэ чиг хандлагатай хөл нийлэн алхахын тулд салбарын ахиц дэвшил, ололт амжилтыг дэмжсэн бодлого, хөтөлбөр хэрэгжүүлэх, салбарын эрх зүйн зохицуулалт, журам, стандартыг нийцүүлэн өөрчлөх, сайжруулах шаардлага зайлшгүй тулгамдаж байгаа аж. Иймд Монгол улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас “Худалдаа, хоол үйлдвэрлэл үйлчилгээ-2020”, “Хүн амын ахуйн үйлчилгээ 2020” нийслэлийн дэд хөтөлбөр, “Худалдаа үйлчилгээний нийтлэг журам”-ыг тус тус боловсруулан батлуулахаар Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн бариад байна.
Мөн Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлж буй Худалдаа, хоол үйлдвэрлэл үйлчилгээний салбарын хөгжлийг дэмжиж Төр-Төрийн бус байгууллага-Хувийн хэвшлийн хамтын ажиллагааг амжилттай хэрэгжүүлэх зорилгоор Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын хооронд “Хамтын ажиллагааны санамж бичиг”-ийг байгуулав гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ. Тус чуулганд нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлж буй худалдаа, хоол үйлдвэрлэл үйлчилгээний салбарын 300 гаруй бизнес эрхлэгчид, ХХААХҮЯ, ГХЯ болон холбогдох Төрийн ба төрийн бус байгууллагууд, мэргэжлийн их дээд сургуулийн эрдэмтэн судлаачдын төлөөлөл оролцсоно.
Эх сурвалж: Өнөөдөр сонин