Манж, Орос, Түвдүүд Монголын талаар нэгдсэн гадаад бодлого барих болов, 1650 онд манжууд Мин улсын сүүлчийн боомт Кантон болон Бээжинг эзлэв. 1647 онд Оросын цэргийн атаман И.Похубовын цэрэг Буриадад довтлон Буриадын их тавнан Турухай хэлэлцээр хийхээс өөр аргагүйд хүрэв. Похубов Өргөө хотноо Шолой сэцэнтэй уулзаж, Оростой нэгдэхийг ятгасан ч талаар болов. Тиймээс Оросын казак цэрэг Сэцэн хантай дайтахаар хөдөлсөн ч замдаа Буриадуудын отоонд оров. 1656 онд Оросын элчин Манжийн хаантай үгсэн хуйвалдаж, Халх, Ойрадын зөрчил хурцдав. 1658 онд буриадууд Оросуудыгэсэргүүцэн бослого гаргалаа.1660 онд Оросын элч Хотгойдын ноён Лувсанринчингийнд очив.
Оросууд казакийн дээрэмчдийн хүчээр урд хязгаараа тэлж, Сибирийг эзлэн авахыг санаархав. Тэд үүндээ Казань, Астраханы халимаг, татааруудыг ч ашиглаж байжээ. 1656 онд Перс, Крымээс элч торгуудад ирж хамтран Оросын эсрэг тэмцэх санал тавьсан ч бүтсэнгүй. Халимагийн Пунсаг ноён 1657 оноос Орост тусалж Крым, Башкирыг түйвээж, Рязанийн бослогыг даралцав.1961онд Халимагийн Шүхэрт дайчин Крымийн татаарыг бут цохив. Өөрөөр хэлбэл, Бат ханы үр удам өөрсдийгөө сүйтгэж, Халимагууд Орост зүтгэсэн түүхтэй. 1662, 1671 онд Ижил мөрнөөс Пунсаг Зайд ирж, хошуудын Абулайг дайрч хариугаа авчээ. Пунсагийн дараа тодорсон Аюух ханы үед 1676 онд халимагууд Харьковыг эзлэв. Хамгийн сүүлчийн Бат ханы угсааны Шамилыг оросууд Чеченьд ялахад халимаг морьт хороо гол үүрэг гүйцэтгэжээ… Түшээт ханы хойд хязгаар нутаг Байгал, Хөвсгөл нуурыгоросууд авахаар шунаж эхлэв.
Энэ үед “Байгал нуур нь Монголын Түшээт хан, Засагт ханы мэдлийн, Монголын газар нутаг юм” гэж Оросын түүхч П.А.Словцев бичиж үлдээв. Оросын язгууртан Ф.А.Головин Түшээт ханд илгээсэн бичигтээ “Загас барьдаггүй монголчуудад Байгал нуур ашиггүй тул Орост шилжүүлж, оронд нь бид найдвартай түшиг болж болох юм гэжээ. Мөн цахиур буу 500 ширхэг, бөмбөг, гунан буу 10-ыг бэлэг болгож өгөхөө цухуйлгав. Энэ эрээ цээргүй болзол Халх-Оросын харилцааг хүндрүүлэв. Үүнээс үүдэн Манж болон Зүүнгарын хаант улстай шууд харилцах бодлогыг оросууд сэдэв. Тэд Ойрадыг ирээдүйн Орост түшиг болох улс гэж дүгнэсэн бололтой. 1616 оноос хойш Хотгойдын Шолой Убаш, Омбо ноён нар зэвсэг бүтээх хүн Оросоос хүссэн ч тэд Түшээт хан, Хотгойдын ноёдод зэвсгийн дархан байтугай галт зэвсэг зарахаас ч болгоомжилж байв. Харин халимагуудад Оросууд дарь, тугалга нийлүүлжээ. 1647-1652 оны үед оросууд Амар мөрний ай савыг эзэлж, Манж, Халх хоёр Оросын тэлэлтийг Буриадад тас цохихоор болов.
Тэд Оросын эсрэг том хүч хуралдуулж, Хотгойдын хан Омбо- Эрдэнэ Орост урваж, хиргисийг довтлон, ноёдыг нь олзлов. 1657 онд Хотгойдууд долоон түмэн цэргийн хүчээр Орост цөмөрч орсон ч Ойрадын хаан Сэнгэ Халхын баруун гар болсон тэднийг бут цохив. Түвдийн Далай лам өөрийн шавь Галданг дэмжин “Бошигт” цол олгон, Манжийн эсрэг зогсох гол найдвараа түүнд даатгажээ. Далай лам Галданд цол олгосноо Энх-Амгалан хаанд мэдэгдэж, хаан ч 1678 онд нэмж “хаан” цол хүртээв. Үнэндээ монголчууд их гүрний сүүлчийн хаан Лигдэнгээс хойш Их хуралдайгаараа “хаан” цолыг хэнд ч өгөөгүй юм. Тэгээд ч манжууд Чингис хааны угсааны ноён төрөхөөс туйлаас эмээж байв. Хаан болох магадлал өндөр Чахундоржийг Галдантай харгалдуулах нь тэдний хорон бодлого байсан юм. Далай ламаас Кашгараас Исмайлын хөөсөн Аппакт туслахыг зөвлөсний дагуу Галдан буман хүнтэй их цэргээ Дорнод Туркестанд илгээж, нийслэл Яркендыг эзлэн Исмайлыг цөлж, Аппакт үлэмж тус хүргэв. Галдангийн цэрэг Яркендаас Өмнөд Казахстанд довтлов. Удалгүй Сайрам хотынхон бослого гаргасан ч Зүүнгарынхан цус урсган дарж, албатуудыг нь Туркестан тийш цөлжээ.
Улмаар хиргисүүдийг эрхшээсэн нь алба гувчуур авдаг оросуудыг айдаст автуулав. Галдан казакийн Харахурол, Ташкент зэрэг есөн хотыг эзэлж, хүрээгээ тэлсэн байдаг. Халх, Ойрадын цугларалтад Өндөр гэгээнээр ном тавиулсан нь түүнийг бүх Монголын шашны тэргүүн гэдгийг илэрхийлсэн хэрэг болов. Энэ үеэр Жавзандамба хутагтын суудлыг Түвдийн Галдан ширээтийн суудалтай эн зэрэгцүү засуулснаар шалтаглан Далай ламыг доромжлов хэмээх цуу яриаг Түвд, Ойрадууд эрчимтэй тараав. Түвдээс бурханы шашныг авсан нь цөөхөн манжууд Хятадуудад уусалгүй оюуны дархлаатай болох, дараа нь харгалдсан монголчуудыг эзлэх зорилготой байжээ. Энх-Амгалан хаан “Монголчууд эрэлхэг, хүчирхэг. Би энэрэнгүй дүрээр тэднийг номхотгож, улсын сүрээр хүлээсэлнэ. Тэдэнд хайр хүртээж сэтгэлийг нь эрхшээнэ” гэж байв. Ийн Манжууд Түвдийг ялангуяа Далай ламыг Монголын эсрэг ашиглахаар чармайв. 1652 онд V Далай ламыг Бээжинд урьж, түүний нэр хүнд, нөлөөг ашиглан Өмнөд Монгол дахь ноёрхлоо бататган, улмаар Халхыг эрхшээхийг санаархав. Мөн ойрадуудыг Халхын эсрэг турхирч, монголыг монголоор нь дарах бодлого явуулж байв.
Манжууд Халхыг улам сулруулан, Далай ламын нөлөөг бататгахыг зорьсон бол оросууд Буриадыг эзлэх дайнд Галданг ашиглах гэж улайрч байв. Тэр үед Ар Халх нь хүчирхэг Манжууд, нутгаа тэлж буй Оростой улаан нүүр тулах болсноор түрэмгийллийн бай болох нөхцөл бүрдэв. Их хаад хальснаас хойш ойрадууд дураар аашлах нь хэрээс хэтэрч, 1648 онд Хотгойдын хан Омбо-Эрдэнэ Хөх хотыг цэрэглэн довтлов. Засагт ханы суудлын будлианаас болоод Галдантай тэрсэлдэв. Чуулганд ирсэн ноёдыг барьж хорьсон Галданд Чахундорж бүр ч итгэхээ болив. Засагт хан Норовын үхэл, түүний залгамжлагчдын будлиан үүн дээр бүр ч нэрмээс болов. Чахундорж Буриадын талаар Орост шаардлага тавьж, Сибирийн хот, тосгод руу гурвантаа довтолж, 1687 онд 8000 цэргээр Буриадыг хамгаалах цэргийн хүрээг буй болгов. Галдан хаан ч шургуу тэмцэж, Зүүнгарын хан сууж, бүх эрхийг гартаа төвлөрүүллээ. Хаан ширээний тэмцэлд ялагдсан Сэнгийн ахмад хүү Цэвээнравдан долоон зайсангаа дагуулан Турфан тийш зугтан оджээ.
Цэвээнравданд Галдан өшрөх болсны гол шалтгаан нь сүйт бүсгүйг нь булааснаас үүдэлтэй. Галданг 1676 онд хадам эцэг хошуудын Очирт цэцний эсрэг цэрэглэхэд Чахундорж дэм болон цохилт өгч байж. Галдангийн эцэг Эрдэнэбаатар хунтайж, ах Сэнгэ нар нь Оросуудаас Бүрүүд нарыг буцаан өгөхийг шаардаж, хил орчмоор нь халдан довтолж байжээ. Харин Галдангийн элч нар 1673 онд Сибирийн Тобольск хотод хүрэлцэн очиж, Оростой найрсаг байх хааны захиаг гардуулж, оросууд ч шуурхай хариу өгсөн байна. 1673 оны намар Оросын хаан Зүүнгарын элч нарыг Москвад саадгүй нэвтрүүлэх, Ойрадын ноёд, худалдаачдыг Сибирьт татваргүй худалдаа хийх зарлиг гаргажээ. Тэд Оросоос гурил будаа, даавуу, багаж хэрэгсэл авч, оронд нь малын гаралтай түүхий эд, ангийн арьс зэргийг өгдөг байж. Мөн хятад торго, элдэв зүйл чамин эдлэлийг Орост худалдаалж дундаас нь ашиг унагана. Хятад-Зүүнгарын хил дээр боолын зах хүртэл байсан гэдэг. Галдан 1671 онд Түвдээс буцан ирж, Орос, Манжтай нягтрах болсон даруйдаа 1673 онд Халхад довтлов.
Оросууд Галдангийн зэр зэвсгийн хүсэлтийг хүлээн авав. Манжууд Архайг, харин Далай лам Галдан ширээт ламыг Хүрэн бэлчирийн чуулганд илгээжээ. Харин Галдан эл чуулганыг үл тоон Халхад цэрэглэн орохоо мэдэгдэв. Чахундоржид Галдангийн цэрэг баруун Урианхайн нутагт цөмөрсөн мэдээ ирсэн байна. Мөн Галдангийн дүү Доржжав Халхын Банди тайж, Балдан тайж, Бүтүгсэн хутагт нарыг довтлон дээрэмдэв. Энэ нь Түшээт ханыг их дайнд өдөөн хатгасан аж. Чахундорж Лувсангомбын хамт цэрэглэн хөдөлж Доржжавыг устган, дээрэмдүүлсэн мал, эд зүйлсээ эргүүлэн авав. Чахундорж хошуудын Очирт цэцэн хантай холбоо тогтоож, Хөхнуурын ноёдыг ч талдаа татав. 1687 онд тэрбээр Галдангийн цэргийн нэг хэсэг Шарын цэргийг бут цохиж, Хөхнуурыг чөлөөлжээ. 1688 оны эхээр тосож ирсэн Ойрадын цэргийн хүчийг бут цохиж, Ховдыг эзлэн, Ойрадын нутгийн гүн тийш тэмцэв. Чахундоржийн сүр хүч Энх-Амгалан хааныг сандаргаж, Түшээт хан, Галдан хоёрыг эвлэрэхийг шаардав. Чахундорж саналыг хүлээн авч, давшилтаа зогсоон, Цогдос нуурт чуулган товлов.
Харин Галдан араар нь Халхад цөмрөхөөр гурван түмэн цэрэг нь 1688 оны хавар гурван замд хуваагдаж, Хангай ханыг арлан, хотгойдыг эзлэн авав. Оросууд Галдангийн дэмжлэгээр Сэлэнгийн баруун эргийн халх тайж нарыг түрэмгийлэв. Цаашлан Элжигэнээр дайрч Тува, Хотгойдыг эзлэн, Эрхүүгийн зүгээс Халх руу дайрчээ. Манж нар ч Сөнөд, Хорчины нутаг руу хоёр түмэн цэрэг оруулав. Галданг Халхад довтлохын өмнөхөн Түвдээс мянган лам ирж, халхуудад“Галдан бол Манжаас хамгаалагч, увдист гэгээнтэн” гэх мэтээр ухуулах ажил хийгджээ. Далай ламын оролцоо эндээс харагддаг, Оросууд буриадыг бүрэн эзлэхийн тулд өөрсдөө Түвд, Манж нартай хамсан Галданд дэм үзүүлж, 1671-1688 онуудад Халх, Ойрадын дайн эхэлжээ. 1688 оны намар Дундад Азид дайны туршлага суусан Галдангийн их цэрэг Манжтай Улахуйд тулалдахдаа галт зэвсэг хэрэглэжээ. Олзны Швед эр Рената нь энэ тухайд их тус хүргэсэн аж. Хожим тэрбээр “Би Галданд 50 кг жинтэй таван их буу, бас таван бага хэмжээний буу, 20 ширхэг “Мортир” гэдэг богино толгойт их буу хийж өгсөн” гэж ярьсан байдаг. Галдан Чахундоржийн хүчийг гуравхан өдөрт бут цохиж, Монголын төрийн голомтыг бусниулж орхив.
Галдангийн цэрэг Халхад маш их сүйтгэл учруулжээ. Тэд Эрдэнэзууг талаад зогсохгүй Хөгнө Тарнийн өвгөн хийд, Өндөр гэгээний Хадын хийд, 30 гаруй жилийн туршид мэргэдийн ур ухаанаар шингээсэн Хэнтий ханы зулайд орших Сарьдагийн хийд зэргийг газрын хөрснөөс арчиж, лам хуврагуудыг хүйс тэмтрэн Хэрлэн хүртэл давшсан байна. Дайнаас дүрвэгсэд Буриадад очиж, Оросын харьяат болжээ. Дүрвэгсдийн нөгөө хэсэг нь Хөхнуур тийш оджээ. Хөгнө ханы хийдийн лам нарыг хурга, ишиг шиг хөгнөөд цувуулан алсан гэдэг. Ламын гэгээн Лувсанданзанжанцан Түвдэд Галдантай хамт ном үзэж байхдаа “Халхад миний нэртэй холбоотой нэгэн тааруухан хийд бий, түүнийг та болгоож үзээрэй” гэж хэлсэн байна. Иймээс Ламын гэгээний хийдийг Галдан хөндөлгүй орхисон гэж ярьдаг. Галдан халхын уудам нутгаар дамнан Өндөр гэгээнийг мөшгөн хөөсний учир нь Занабазарыг замаас зайлуулж, ганцаараа Богд болох санаа агуулсан гэлтэй. Шарын талыг баригч Галдан улааны шашны голомт өвгөн хийдийг зориуд хайж олон, үнсэн товрог болгосон нь санаандгүй хэрэг биш.
Өндөр гэгээн Занабазар Ойрадын их цэргийн хөлөөс мөр буруулан Орхон голыг өгсөн Жанчитаар дайрч, Ерөөгийн рашаан, Шарлин голоор өнгөрөн Сарьдагийн нуруу, Аяагийн гол, Хагийн нуур зэрэг газрыг дамжин явсаар Хэрлэнбаян-Улаанд бүгж байгаад Авга, Сөнөдийн нутагт тэмцэн очжээ. Галдан Өндөр гэгээнийг хөөж гүйцэлгүй Олгой нуурт иржээ. Тэрбээр “Би Түшээт хан, Өндөр гэгээн нарын хойноос явж байна. Тэд миний дайсан. Халхууд та нар миний нөхөд” гэсэн үгийг хэлж явжээ. Галданг Хэрлэнд ирэхэд Далай ламын элч тосч уулзан, Түшээт хантай эвлэрэн дайнаа зогсоохыг санал болгожээ. Хариуд нь Галдан “Би түүнтэй эвлэрвэл миний дүү Доржжавын амь насыг хэн төлж өгөх юм. Би бүх хүчээрээ байлдан Халхыг устган, Жавзандамбыг заавал олзолно” хэмээн уурсан өгүүлжээ. Ингэж улаан, шарын тэмцлийг ашиглан монголыг монголоор нь цохиулан Түвдийн далд санаа хэрэгжив. Гадныхан нэг багшийн хоёр шавийг эвлэршгүй дайсан болгож, Монгол төрийн гол эх Халхыг дарахдаа ашигласан юм. Тэд хорон үйлээ Оросын хатгалга, Галдангийн хүчээр хийж чадсан юм.
Галдан хааны үндсэн хүч хоёр түмтээс гадна Оросын галт зэвсэгтэй зургаан түмэн цэрэгтэй байсан гэдэг. Ухраад очдог Байгалийн нутаг оросуудад эзлэгдэж, ойрадууд хүчирхэгжих үед тэнцвэржүүлдэг Өвөр Халхууд Манжийн эрхшээлд орсон нь Халхын ханлигийн гарах гарцыг үнэндээ үгүй болгосон юм. Галдангийн аллага таллага, Оросын түрэмгийлэл, Түвдийн хорлолоос гарахуйяа бэрх авч шашин, бичиг үсгээ Монголоос авсан, хүн ам цөөн, амьдрал ахуй ойролцоо Манжийг түшихээс өөр олигтой гарц Халхын ноёдод үлдсэнгүй. Халх монголчууд тусгаар тогтнолоо алдаж, нүүдэлчдийн Сибирьт тогтоосон хяналт бүрмөсөн нурж унав. Манж, оросууд Монголын найдвартай ар тал Байгал нуурын ай савыг Нерчинскийн гэрээгээр тэр даруй “харийн нутаг” болгов. Хамгийн гол нь 300 000 хунтэй манжуудын үй олон Хятадад уусах айдсыг ашиглан Монголд урд зүгийн тариачин иргэдийг суурьшихаас “Хязгаарыг сахих” хуулиар хамгаалж өгснийг энд онцлон тэмдэглэх ёстой.
Эх сурвалж: “Соёмбо сонин”