Монгол хүн сансарт ниссэний 37 жилийн ойг тохиож байна. Polit-mn уншигч та бүхэндээ ЗХУ-ын баатар, Монгол улсын баатар, Монгол улсын иргэн сансрын нисгэгч Ж.Гүррагчаагийн хэлсэн эшлэлүүдийг хүргэж байна.
-Сансар гэдэг бол манай гариг ертөнц дээрх олон улс орон, шашин номын зөрөлдөөн, талцлууд учир зүйгээ ололцож нэг зүг харахад онцгой үүрэгтэй гэж би боддог.
-Манай улсын төрийн далбаа саран дээр очсон юм шүү.
-Болдогсон бол дэлхийн бүх хүнийг сансарт гаргаж эх дэлхийг нь нэг харуулахсан гэж боддог.
– Эх дэлхийгээ нэг удаа сансраас харчихсан хүнд цөмийн бөмбөг дэлбэлчих юмсан гэсэн бодол хэзээ ч төрөхгүй.
-Эх дэлхийгээ холоос ажиглан харахад илүү хайрлах, хамгаалах, эв найрамдалтай аж төрөх бодол хэзээ ч өөрчлөгдөшгүйгээр толгойд бат суудаг нь сонин шүү…
-Сансраас харахад жижигхэн цэнхэр дэлхийгээ хайрлах их хүчтэй мэдрэмж төрдөг.
Тойрог замдаа орохсон…
Ж.Гүррагчаа баатартай хүн бүрийн мэддэг юм шиг мөртлөө мэддэггүй зүйлийн тухай хэсэгхэн хөөрөлдөв.
Социализмын талаар ч хэдэн зүйл ярилцсанаа тэрүүхэндээ үлдээе. Үнэндээ социализмын тухай бид мэддэг ч юм шиг, үнэндээ мэдэх нь цөөхөн аж. Зарим нь хэтрүүлж магтаад л, зарим нь хэтрүүлж муулаад л. Социализмыг огт мэдэхгүй, монгол хүн сансарт ниссэнээс хойш төрсөн залуус жишээ нь “Социализм сайхан байжээ…” гээд л самсаа шархирах нь жигтэй. Түгжирч, чихэлдсэн өнөө үед хоосон хэдэн гудамж, хотын эл хуль хөдөлгөөн хараад сэтгэл хөдөлдөг ч биз.
Социализмын үеийг хүүхэд настай зүйрлүүлж болох юм. Аав ээж нь хүүхдээ боломжоороо л хувцаслаж, хооллож, сургуульд явуулна. Хүүхэд мэдээж аав ээжийнхээ үгэнд орно. Хүүхэд учир өөрөө дур мэдэн мөнгө үрэх эрхгүй, мөнгө олох эрхгүй. Чи мөнгөөр яах юм? Орох орон, идэх хоол байна. Социализмын үед ядуурал байгаагүй нь мэдээж, аав ээж нь тэжээж байхад ямар хүүхэд өлсөх билээ. Хүүхэд мэдээж гэнэн цайлган, хүнд муу юм санадаггүй. Социализмын үеийн хүн чанар, хүний сайхан ааш авир тун хурдан арилсан даа. Буруутгах юм юу ч байхгүй. Саяхныг хүртэл “Таван монгол хүний санаа нэг хятад хүнтэй тэнцэнэ, таван хятад хүний санаа нэг япон хүнтэй тэнцэнэ..” гэх маягийн хэллэг амь бөхтэй байлаа. Одоо бол монгол хүний санаа хятад, солонгосуудаа хэд нугалах аж. Бид насанд хүрч байна, бие дааж амьдарч эхлээд байна. Хүүхэд хэдий гэнэ цайлган, шударга ч хүн дандаа хүүхдээрээ байж болохгүй биздээ.
90 он гараад бид хүүхэд наснаас шууд шилжилтийн насанд хүрчихэж л дээ. Шилжилтийн насанд ирсэн хүүхэд яах билээ? Хүүхэн сонирхоно, архи ууна, тамхи татна, янз бүрийн уншсан юмандаа автаж элийрнэ. Хааяа даа, “хүүхэд байхад ч сайхан байж дээ.. хүнд муу юм санана гэж байхгүй..” хэмээн дурсамжиндаа автаж шүүрс алдана. Харамсалтай нь шилжилтийн нас мөд дуусах шинжгүй шүү. Залхсан зарим нь аав ээжийгээ эргэж санан “Манайд улсад хатуу чанга гар хэрэгтэй..” гэх мэтээр гомдлоо тайлна. Шилжилтийн нас өнгөрч, насанд хүрэх нь хэзээ юм бол.
Социализм маш олон бүтээн байгуулалтыг бидэнд өгсөн, ардчилал гараад юу байгуулав? Гэж асуух хүмүүс ч бий. Үнэн. Гэхдээ аав ээжээр асруулдаг байсан хүүхэд насаа эргэн дурсахтай ижилхэн ч юмуудаа. “Социализмын үед хийж чаддаг байсан олон юмаа бид чадахаа больжээ..” гэх. Аав ээж нь хүүхдээрээ хааяа нэг зураг зуруулна, бас бус хөөрхөн гэр орны ажил хийлгэдэг. “Хүү минь тусад оржээ..” гээд л магтана. 100 мянган гутал үйлдвэрлэх нь 100 мянган хүнийг гуталтай байлгана гэсэн үг биш аж. Хүн сансарт нисэх баярыг онцгой хүндэтгэлтэй хандаж, 81 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэсэнээс өдгөө ганц Болор брэнд үлдсэн нь хүртэл нэгийг хэлнэ. Юмны хэрэгтэй хэрэггүйг цаг хугацаа, ард түмэн өөрсдөө шүүгээд өгдөг ч юмуудаа.
Сансрын хогны талаар Гүррагчаа гуай яриандаа дурдсан юм. Пуужин хөөргөхийн тулд гурван блок хаягдаж эхний хоёр нь газарт унаж, 3-р блок нь сансарт үлддэг аж. Сансрын хог гэхдээ хэзээ нэгэн цагт эргээд газарт унадаг, зарим нь агаар мандалд ороод шатдаг. Социализмын пуужинт хөдөлгүүр биднийг тодорхой түвшиний өндөрт аваачжээ. Бид харин тойрог замдаа орж чадахгүй, сансрын 1-р хурдаа авч чадахгүй л тэрүүхэндээ будилаад яваа ч юмуу даа. “Өмнө байсан шиг 3-р блокоо авчраад залгачихая л даа..” гэж зарим нь ухаан сэднэ. Харамсалтай нь 3-р блок аль хэдийнэ үүргээ гүйцэтгэчихсэн, сансрын хог болоод үлдчихсэн. Огторгуйн 88 одны ордоор сансрын нисгэгчид ориентаци хийж, Союз хөлөг Салют станцтай холбогдох үед зүгээ баримжаалдаг гэнэ. Харин бид зурхайн 12 ордоор зүгээ баримтлаад л… Дэлхий одон орон сонирхож байхад бид одон зурхай сонирхоод л…
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин