Монголбанкны Ерөнхийлөгчийн энэ сарын 09-ний өдрийн А-60 дугаар тушаалаар Монголбанкны зээлийн мэдээллийн сангаас мэдээлэл солилцох хүрээнд зээлийн лавлагаанд тусгахгүй байх иргэний зарим мэдээллийн нөхцөлийг тодорхойлжээ. Энэ оны хоёрдугаар сарын 01-ний өдрөөс өмнө зээл, төлбөрөө бүрэн барагдуулж дууссан чанаргүй зээлийн нэгээс дээшгүй түүхтэй буюу үүрэн болон суурин холбооны үйлчилгээний төлбөрийн зөрчил нь 90 хоногоос дээшгүй хугацааны хэтрэлттэй бол Монголбанкны зээлийн мэдээллийн сангийн лавлагаанд тусгагдахгүй байхаар уг тушаалаар зохицуулагдсан ба нийт 41 мянга гаруй иргэний мэдээлэл дээрх нөхцөлийг хангаад байна.
Монголбанк өнгөрсөн жилийн хоёрдугаар сарын 10-ны өдөр 25 мянга 620 орчим зээлдэгчийн зээлийн мэдээллийг лавлагаанд тусгахгүй байхаар зохицуулжээ. Ингэснээр харилцагчийн эрхийг хамгаалах, санхүүгийн үйлчилгээг иргэдэд тэгш хүртээх ач холбогдолтой бөгөөд банкны системийн зээлийн эрсдэлд сөрөг нөлөө үзүүлэхгүйгээр хэрэгжүүлж байгаа нэг удаагийн бодлого юм.