Ирэх зургадугаар сард ОХУ-ын 11 хотод хөлбөмбөгийн ДАШТ-ийг зохион байгуулна. Эдгээр хотын ихэнх нь тэмцээнд бэлдэж шинэ цэнгэлдэх хүрээлэн барьж хотын өнгө үзэмжийг сэргээжээ. Мөн хотуудад очих тээврийн хэрэгсэл болон энэ үеэр зочлон очиж болох газруудыг бэлдсэн байна. Тэдгээр хотын танилцуулгыг цувралаар хүргэж байна.
МОСКВА
Олон улсын гурван нисэх онгоцны буудалтай. Хамгийн том Шерметьевийн нисэх онгоцны буудал юм. Эндээс Москвагийн төмөр зам руу 35 минутад метрогоор хүрэх боломжтой. Харин нөгөө хоёр нисэх онгоцны буудал нь “Домодево” болон “Внуково” юм. Гэхдээ нийслэл хотоос жаахан зайтай ч метро, автобус болон таксигаар Москвад очиж болно. Гэхдээ хамгийн багадаа Хельсинкээс 13 цаг, Парисаас хоёр хоног явах газар аж. Үзэж, зочлох боломжтой газрын тоонд Улаан талбай, Кремль орно. Гэхдээ урт дараалалд зогсохгүйн тулд онлайнаар захиалга өгөх нь зүйтэй. Учир нь Лениний музей, Сан Василиогийн сүм зэрэг үзэх газар их. Харин уран зураг сонирхдог хүмүүст “Третьяковийн музей”, “Пушкины музей” болон Москвагийн орчин үеийн урлагийн музейг санал болгоё.
САНКТ-ПЕТЕРБУРГ
Энэ хотод “Пулкова” гээд хямд нислэгийн тийз борлуулдаг авиа компани бий. Хотын төвтэйгөө их ойрхон. Жуулчдад буудал хүртэл хувийн унаагаар үйлчилдэг “Uber” олон улсын тээврийн компаниар үйлчлүүлэх нь илүү хялбар ажээ. Мөн Хельсинкээс Санкт- Петербург руу цөөхөн цаг явж хүрэх галт тэргэнд суух боломжтой юм. Харин үзэж болох газруудын тоонд сэргэн мандалтын үед барьсан 200 гаруй ордон болон жижиг гүүрээр хүрээлэгдсэн Нева гол багтана. Мөн Эрмитаж, Өвлийн ордонг үзэж сонирхохоос гадна усан сувгаар нь завиар зугаалж болох юм. Санкт-Петербург хотод байх олон ресторанд тус улсын энгийн хоолноос авахуулаад үндэсний хоолыг идэж болно.
КАЗАНЬ
Казань хот нь Волга голын эргийн хажуухандаа олон улсын нисэх онгоцны буудалтай. Энэ буудал нь Рига, Турк, Финлянд зэрэг олон чиглэлийн олон улсын нислэгийг хүлээн авдаг. Москва, Санкт -Петербургээс онгоцоор нисч очиж болно. Мөн Москвагаас галт тэргэнд сууж Казань руу 11 цаг явж хүрэх боломжтой. Хэрэв хүсвэл усан онгоцоор ч явж болох юм. Казань хот нь олон мянган жилийн түүхтэй. ОХУ-ын бусад хотоос тус хот нь удаан захирсан татааруудын нөлөөгөөр баригдсан барилгуудаар ялгардаг. Эртний түүхтэй энэ хотод очсоноор Казанийн Кремль, Сююмбике цамхаг, мусульман шашинтны том сүм Кул Шарифт зочилж үзэж болно. Харин энэ хотод ОХУ-ын баруун зүгийн хотуудаас ялгаатай хоолыг амсч үзэх боломжтой. Тухайлбал, каз, кыстыби хэмээх нухсан төмстэй талх идэж болох юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин