Х.Нямбаатар уучлалт гуйхгүй

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар Шүүхийн ерөнхий зөвлөлийн шаардлагад хариу өгсөн байна. Үүнд,
Монгол Улсын Их Хурлын гишүүн нь хуулиар олгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ төрийн хуулийг дээдлэн сахих, аливаа асуудалд шударга байр сууринаас хандах, бусдын нэр төр, алдар хүнд, эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх зарчмын хүрээнд төр, олон нийтийн холбоог бэхжүүлэх, нууцад хамаарах аливаа мэдээлэл, бичиг баримттай танилцахдаа нууцын талаарх хууль тогтоомжийг баримтлах, хууль зөрчсөн шударга бус явдалтай эвлэрэхгүй байх ёс зүйн хэм хэмжээг баримтлан ажиллах ёстой. Миний бие 2018 оны гуравдугаар сарын 12-ны өдөр ‘С1’ телевизийн ‘Цензургүй яриа’ нэвтрүүлэгт оролцож олон нийтэд мэдээлэл хийсэн үйлдэл нь дээрх ёс зүйн хэм хэмжээг зөрчөөгүй тул ямар нэгэн хэлбэрээр хэн нэгнээс уучлал гуйх шаардлагагүй гэж үзэж байна” гэжээ.
Шүүхийн ерөнхий зөвлөлөөс УИХ-ын гишүүн Х.Нямбаатарт шүүгчдийн нэр хүндэд халдсан хэрэгт уучлалт гуйхыг шаардлага өнгөрсөн долоо хоногт хүргүүлсэн билээ.