Сүүлийн үед охидын хүчирхийллийн мэдээ сэтгэл сэрдхийлгэм сонсогдох боллоо. Энэ аюул ойр дотны хүрээнд ихэвчлэн үйлдэгддэг нь тогтоогдсон. Та бага насны охиддоо үргэлж анхаарал тавьж, ойрын хугацаанд болсон үйл явдал болон мэдвэл зохих зүйлсийнх нь талаар цаг гарган ярилцаж байгаарай. Доор дурдсаны дагуу охиддоо “Аюулгүйн сүлжээ” хийгээд ямар тохиолдолд тэдэнд хандахыг сургах нь аюулаас хол өнгөрөх чухал алхам байх болно.
Энэхүү мэдээллийг бага насны охидтой хэн бүхэнд зориулан ГССҮТ -тэй хамтран бэлтгэв. Таны охины “Аюулгүйн сүлжээ” гэдэгт түүний хамгийн ойр дотны ямар ч нууцаа итгэлтэй хуваалцах боломжтой хүмүүс багтаж байдаг. Үүнд ээж, эмээ, нагац эгч, эмэгтэй багш, эмч багтдаг. Юуны өмнө эдгээр хүмүүсийг таниулан ойлгуулж дараах тохиолдлуудад ямар ч эргэлзээгүй шууд хэлж байхыг зааж өгөөрэй.
- Миний биеийг би л мэднэ. Таагүй сэтгэгдэл төрүүлэхүйцээр хэн ч хүрэх ёсгүй.
Охины чинь бие махбодид хэн ч халдашгүй гэдгийг түүнд ойлгуулаарай. Түүний биед өөрөөс нь өөр хэн ч зөвшөөрөлгүй хүрч үл болно. Хэн нэгэн түүнийг хүсэхгүй байхад үнсэх, тэврэх гэж оролдвол ҮГҮЙ, БОЛЬ гэж хэлэх эрхтэй гэдгийг нь сурга. Түүний оронд гараараа мэндчилэх, гар барих, үнсэлт илгээх зэргээр харьцаж болно гэдгийг хэлж өг.
- Хэн нэгэн түүнд хүрэх нь таагүй мэдрэмж, аюултай сэтгэгдэл төрүүлбэл энэ бол аюул.
Хэн нэгэн /эрэгтэй /хүн таны охинд хүрснээр таагүй, эвгүй, айх мэдрэмж төрж бие хөлрөх, гэдэс нь өвдөх, зүрх хүчтэй цохилох, чичрэх зэрэг байдал үүсвэл МАШ АЮУЛТАЙ гэж ойлгох ёстойг хэлж өг. Ийм тохиолдолд “Охидын аюулгүйн сүлжээ” буюу ээж, эмээ, нагац эгч, эмэгтэй багш, эмчдээ шууд хэлэх ёстойг анхааруулж ойлгуулаарай.
- Айснаасаа болоод эсвэл бусдын ятгалгаар болсон явдлыг хэрхэвч нууж болохгүй.
Хэрэв таны охиныг айлгаж байгаа болон аюултай байдалд оруулснаа бусдад хэлэхгүй байхыг гуйж эсвэл шаардаж, айлган сүрдүүлж ятгавал “Охидын аюулгүйн сүлжээ” буюу ээж, эмээ, нагац эгч, эмэгтэй багш, эмчдээ хэн тэгснийг шууд хэлэх хэрэгтэй гэдгийг сурга.
- Миний биеийн нууц хэсэг Хэн ч түүний биеийн нууц эрхтэнд хүрэх ёсгүй.
Хэн ч түүнийг өөрийнхөө биеийн нууц эрхтэнд хүрэхийг шаардах ёсгүй. Хэн ч өөрийнхөө биеийн нууц эрхтний зургийг түүнд үзүүлэх ёсгүй. Хэрэв эдгээрээс аль нэг нь түүнд тохиолдвол “Миний аюулгүйн сүлжээ” –ний хүмүүстээ хэлэх ёстойг зааж өг.