ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн дүн албан ёсоор гарч Ерөнхийлөгч Владимир Путин нийт сонгогчдын 76.6 хувийн саналыг авч үнэмлэхүй ялалт байгууллаа. Энэ нь түүний нэр дэвшиж ялалт байгуулсан хамгийн өндөр хувь болж байна. Энэ удаагийн сонгуульд ОХУ-ын сонгуулийн насны иргэдийн 67 хувь нь оролцсон юм.
Түүний ялалтыг гаднын хэвлэлүүд
АНУ-ын CNN мэдээллийн агентлаг түүний ялалтыг “Түүний Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа 2024 онд дуусгавар болно. Гэхдээ тус хугацааг сунгах, хязгааргүй болгох түүнд маш амархан байх нь тодорхой”
Их Британи ВВС мэдээллийн агентлагт “Путин үнэмлэхүй ялалт байгууллаа хэмээн мэдээлсэн бөгөөд нийтлэлийн агуулгад түүний ялалтыг өөрийн хамгийн том өрсөлдөгч Алексей Навальныгийн сонгуульд өрсөлдөх эрхийг хууль булаан авсантай холбон тайлбарлажээ.
Германы Дойче Вэлле сонинд түүний ялалтын ард зөвхөн ард түмний их итгэл бус өөрөөс нь хэзээ ч урваагүй хамтран зүтгэгч, Кремилл, намынх нь гишүүд байсан бөгөөд Дмитрий Медведев тэргүүтэй хамтран зүтгэгчдийг онцолсон байв. Түүнчлэн түүнд өөрөөс нь өөр ямар ч өрсөлдөгч байгаагүй, бусад нэр дэвшигчид ердөө тоглоом төдий байсан гэв.
Си Зиньпин Путиний ялалтад баяр хүргэв
БНХАУ-ын дарга Си Зиньпин Владимир Путиний үнэмлэхүй ялалтад баяр хүргэн мэндчилгээ дэвшүүлснийг Синхуа агентлаг олон улсад уламжилжээ. Мэндчилгээнд “ОХУ сүүлийн жилүүдэд эдийн засаг, цэрэг арми, нийгмийн хөгжилд гайхамшигт амжилт үзүүлснийг сайшааж, цаашид хоёр улсын хамтын ажиллагааг сайжруулах, бэхжүүлэх тал дээр хамтран ажиллахыг уриалав. Түүнчлэн одоогоор хоёр улсын хамтын ажиллагаа, харилцаа түүхэн дэх хамгийн сайн төвшинд явж буйг магтан цаашид харилцан хүндэтгэл, шударга ёс, хамтын ажиллагааны хамгийн сайн үр дүнг харуулсан олон улсын харилцааны жишээ юм хэмээн Ерөнхийлөгч Путиний цаашдын ажилд амжилт хүсэв. Мөн Венесуэл, Болив улсын Ерөнхийлөгчид ч мөн адил баяр хүргэжээ.
Дахин сонгогдох бодолгүй
Ирэх 2030 оны сонгуульд дахин өрсөлдөх уу гэсэн асуултад “Намайг зуун нас хүртлээ энд сууна гэж бодоо юу” хэмээн хариулсан юм. Гэхдээ түүнд дахин сонгогдох хоёр боломж байгаа бөгөөд нэг бол 2024 онд суудлаа өгөөд дахин зургаан жил өнжөөд сонгуульд өрсөлдөх. Эсвэл БНХАУ-ын удирдагчийн адилаар Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулах юм.
Ирэх жилүүдэд олон юм өөрчлөгдөнө
Шинэхэн ерөнхийлөгчийн өгсөн эхний ярилцлагаас л түүнийг бодлогын шинэчлэл хийхээр төлөвлөж буйг таамаглаж болохоор байна. Нэгэн сэтгүүлч түүний ирэх зургаан жилийн хугацаанд юу өөрчлөгдөх вэ, бид нөгөө л танил Путинийг харах уу эсвэл шинэ удирдлага бий болох уу гэж асуухад “Бүх зүйл өөрчлөгддөг, бид ч ялгаагүй” хэмээн хариулсан юм. Энэ удаа түүний барьж буй хамгийн том бодлого нь үндэсний баялаг, үзлийг хадгалах,ард иргэдийн нэгдмэл, эвтэй байлгах бүхий л арга хэмжээ авч, ядуурлыг бууруулах тал дээр өмнөх жилүүдийнхээс илүү анхаарч ажиллах аж.
Сонгуульд оролцуулахын тулд машин амлаж байв
Германы Дойче Вэлле сонины мэдээлснээр иргэдийг сонгуульд оролцуулахын тулд маш олон хачирхалтай арга хэрэглэжээ. Тухайлбал, авто машины шагналтай селфи зурагны уралдаан зохион байгуулсан ба иргэд сонгуулиа өгч буй зургаа аваад цахим орчинд хаштагын хамт байрлуулах болзолтой аж. Түүнчлэн сонгуулийн санал авах байрны ойролцоо маш хямд үнээр хүнсний ногоо борлуулсан бөгөөд жишээлбэл нэг килограмм төмсийг 20 центийн үнээр зарж байсан гэнэ.
Эх сурвалж: ВВС, CNN, Xinhua, Deutsche Welle, Russia Today