Төр төмөр нударгаа үзүүлэн 40 мянгатын барилгыг албадан нураажээ

Нийслэл хотын иргэн бүрт зам хаагуур байна түүгээр алхах эрх бий. Гэсэн ч энэ эрхийг хааж, явган хүний зам, гарц таглаж хашаа хатгаж, байшин барьсан захиргаагүй гэмээр хувь хүн, албан байгууллагатай хариуцлага тооцсон жишиг хийгээд үр дүн саяханыг хүртэл үгүй байлаа. Энэ эмх замбараагүй нөхцөл байдлын эсрэг хотын удирдлагууд хатуу шийдвэр гаргаснаар өнгөрсөн онд 94 нэгж талбарыг 92.1 сая төгрөгийн нөхөн олговор олгож, газар чөлөөлж тодорхой хэмжээний үр дүнгээ өгөөд буй.
Өнөөдөр (2018.03.16) Сүхбаатар дүүргийн дөрөвдүгээр хорооны 44 дүгээр байрны хажуугийн өргөтгөл буюу Улсын их дэлгүүрийн урд, Beatles-ийн хөшөөний зүүн талын барилгыг нураалаа. Тус газарт аж ахуй нэгж зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд тухайн иргэдэд удаа дараа шаардлага хүргүүлсэн боловч хүлээж аваагүй гэдгийг холбогдох албаны хүмүүс хэллээ. Иймд төр төмөр нударгаа үзүүлж ийнхүү албадан нураахад хүргэсэн аж.