Үндэсний бөхчүүд сэргээшийн шинжилгээнд бүдэрсээр л

2018-03-16 09:45
buh

Үндэсний баяр наадмаар бөхчүүд сэргээш хэрэглэдэг гэх асуудлууд үе үе дуулиан тарьдаг. Гэсэн хариуцлага тооцож арга хэмжээ авч байсан удаа байхгүй билээ. Тухайлбал УИХ-ын гишүүн, дархан аварга А.Сүхбат сэргээшийн асуудал холбогдож, түүнээс хойш хэд хэдэн бөхчүүд нэр сонсогдож байсан ч өнөөг хүртэл хэн нэгэн бөх хариуцлага хүлээсэн нь үгүй. Иймээс сэргээштэй нэр холбогдсон бөхчүүдэд хэн, ямар хариуцлага оногдуулах вэ гэдэг асуулт хариу нэхсээр байна.

2003 онд Үндэсний их баяр наадмын тухай хуулийг шинэчлэн долоодугаар зүйлийн 4.2-т зааснаар спортын талбар дахь шударга өрсөлдөөнийг хэрэгжүүлэх зорилгоор улсын баяр наадамд таваас дээш давж шөвгөрсөн бөхчүүдийг допингийн шинжилгээнд хамруулдаг болжээ.

Уг шинжилгээгээр сэргээшийн төрлийн эм бэлдмэл хэрэглэсэн нь тогтоогдвол давсан давааг нь хүчингүй болгож, тухайн бөхийн цол чимгийг хураах саналыг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлж, барилдах эрхийг нь хоёр жилээр хасах заалт оруулж баталсан юм. Одоогийн байдлаар Монголын Үндэсний бөхийн холбооноос сэргээш хэрэглэсэн гэх бөхчүүдэд ямар хариуцлага ногдуулахыг албан ёсоор мэдээлэл хийгээгүй байна.