Манай сайхан оронд одоогоос 28 жилийн өмнө ардчилал ялж, хүний эрх, эрх чөлөөг шинэ Үндсэн хуулиараа баталгаажуулж билээ. Хамгийн олзуурхууштай нь хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгмийг байгуулна, хөгжүүлнэ гэж тэрхүү ардчилсан Үндсэн хуулийнхаа оршилд тунхагласан. Ингээд хуучин юм ул болж шинэ юм зул болох нь тэр ээ. Гэвч бид хөөрч баярлах хараахан болоогүй байжээ. Тухайн үед Монгол Улс цоо шинэ нийгмийн байгуулал руу шилжсэн ч өдийг хүртэл улс орон, ард түмний ахуй байдал дээрдсэнгүй.
Эргээд харцгаая. 1990-ээд онд байсан ажилгүйдэл, ядуурал өнөөдөр байна уу? Байхаар барахгүй харин ч бүр нэмэгдэж, ядуусын цоо шинэ давхарга үүссэн нь сүүлийн хэдэн жил хэвлэлүүдийн хуудаснаас салсангүй. Олон улсын байгууллагын хийсэн судалгаагаар бол Монголын 100 хүний 30 нь ядуу амьдарч байна.
28 жилийн өмнө хүмүүс арай ч талхыг 3 хувааж, ургамлын тосыг граммлаж, хаягдал дугуй шатааж дулаацдаггүй байлаа. Тэр үед гэгээн цагаан өдөр хүний өмч хөрөнгөнд халдах, дөнгөж төрсөн нярай үрээ хаях, насанд хүрээгүй хүүхдийг, тэр ч бүү хэл төрсөн охиноо хүчирхийлэх зэрэг аймшигт хэргүүд харьцангуй цөөн сонсогддог байлаа.
Тэр үед архидалт, хар тамхины хэрэглээ, биеэ үнэлэлт, нийгмийн халдварт өвчнүүд арай ч өнөөдрийнх шиг газар аваагүй байлаа. Тэр үед улстөрчид нь өөрийнхөө болоод бүлэглэлийн эрх ашгийн төлөө улайран ажилладаггүй байлаа. Тэр үед хууль шүүх эрх тэгш үйлчлэхгүй байна гэх гомдол харьцангуй цөөн гардаг байлаа. Тэр үед төр харьцангуй ёс зүйтэй, шударга, цэвэр тунгалаг байж, тэр хэрээр авлига, идэж завших хэрэг бага байлаа. Хамгийн гол нь Монгол хүн эвдрээгүй байсан юм.
Үнэхээр л хүмүүнлэг ардчилсан нийгмийн төлөө зорьж ирсэн юм бол ядуурал, нийгмийн хар бараан үзэгдлүүдийн тухай яриа харьцангуй бага байх нь тодорхой биз дээ?
Хүний эрх, эрх чөлөөг дээдлэнэ гэсэн мөртлөө Монгол хүний эрүүл аюулгүй орчинд амьдрах, эрхээ хамгаалуулах, аливаа асуудлыг шударгаар шийдүүлэх зэрэг амин чухал эрх зөрчигдөж ирснийг юутай холбож ойлгох вэ? Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэн нийтлэх, хуулийн хүрээнд хувийн аж ахуй эрхлэх эрх боогдохгүй, төр засгийн дарамт багасахгүй гэх баталгаа байна уу?
Үнэхээр л хүмүүнлэг энэрэнгүй нийгмийн төлөө явж ирсэн юм бол яагаад өнөөдөр мөнгөгүй хүн энэ нийгэмд хэн ч биш болж хувирав? Ажилгүй, орлогогүй хүн наад зах нь эмнэлгийн үйлчилгээ авах, идэж ууж, өмсч зүүж, өөрийгөө хөгжүүлж, боловсролоо дээшлүүлж, үр хүүхэддээ хүссэн мэргэжлийг нь эзэмшүүлж чадахгүй. Мөнгөгүй бол хууль шүүх ч эсрэг ажиллах магадлалтай, мөнгөгүй бол хэчнээн сүшиг бишрэлтэй байлаа гээд сүм хийдийн хаалга хаалттай. Мөнгөгүй бол өндөр боловсролтой, чадварлаг мэргэжилтэн байлаа ч шийдвэр гаргах түвшинд очих шат байхгүй. Мөнгөгүй бол хүнд суртлыг давахгүй. Бусад өндөр хөгжилтэй орны иргэд шиг гадаад орон руу жуулчлах тухай бол бүр санахын ч хэрэггүй.
Уг нь үе үеийн Засгийн газрууд ажилгүйдэл, ядуурлыг бууруулна, шударга ёсыг тогтооно гэж өөр өөрсдийн өнгө төрх, дуу хоолойгоор даанч гоё ярьж ирсэн ч нийгмийн нөхцөл байдал дарга нарын ярьснаар болсонгүй. Хатуухан хэлэхэд хувь хүний ёс суртахуун, нийгмийн үнэт зүйлс хүмүүнлэг энэрэнгүй иргэний нийгмийг цогцлоон хөгжүүлэх зорилтоос хол байлаа. Төр засаг ажилгүйдлийг арилгасан цагт ядуурал буурна, ядуурал буурсан цагт нийгмийн ухамсар аяндаа дагаад сэргэх нь логик. Гэвч сүүлийн жилүүдэд төр засаг нийгмийн сэтгэлзүйг засах, зөв тийш нь чиглүүлэх тал дээр дорвитой ажил зохиосон нь даанч ховор. Норвеги, Швед, Швейцарь, Герман, Голланд, Франц зэрэг барууны орнууд иргэдийхээ эрүүл мэнд, боловсрол, амьдралын түвшинд нь анхаарч ирсэнийхээ хүчинд өнөөдөр хөгжлийн өндөрлөгт хүрчээ. Энэ бол хүнээ анхаарч, хөгжүүлж байж улс шиг улс болсны бодит жишээ. Бид тулгуур хуульдаа хүн төвтэй гоё нийгэм байгуулна гэж хэчнээн сайхан үгтэй заалт тусгаж, уриа лоозон оруулсан мөртөө дандаа түүнийхээ эсрэг явчихжээ.
Манай сайхан эх оронд маань наран мандах цаг удахгүй ирэх байх гэж хэр зэрэг удаан хүлээх юм бол доо? Ард түмэнд ажил алга, орлого алга, үнэлэмж алга, урам, итгэл үнэмшил алга. Маргаашдаа итгэх итгэл ч сул байна. Хүн шиг амьдрах боломжоо харийн орноос 20 гаруй жил хайлаа. 20 жилийн өмнө Солонгос явахаар өнжин хонон дугаарлаж байсан тэр дүр зураг, нөхцөл байдал өнөөдөр яг л давтагдлаа. Дахиад 20 жил өнгөрөхөд байдал энэ хэвээрээ байх уу? Ард түмэн эрүүл, ард түмэн боловсролтой, ард түмэн хангалуун, ард түмэн эрч хүчтэй, хүнлэг шударга, зөв сэтгэлгээтэй байх нь аливаа улсын өнө мөнх урт удаан оршихын баталгаа билээ.
Дажсүрэнгийн Лхагвадорж