Офицеруудын ордны өмнөх алаг морио унаад баруун гартаа сэлмээ агссан гарамгай баатар Лодонгийн Дандарын дурсгалт хөшөөг өдөр бүр харж, хажуугаар нь зөрөн өнгөрдөг атлаа түүний тухай би маш бага зүйл мэддэг ажээ. Үнэнээ хэлэхэд ард түмний дунд энэ хүний тухай үнэн, худал нь үл мэдэгдэх янз бүрийн дурсамж яриа маш их. Тиймээс түүний тухай хүмүүсийн элдэв яриа биш өөрийнхөө тухай ярьсан тэмдэглэлүүд нь миний сонирхлыг татсан юм. Даан ч тун цөөн. Гэсэн ч түүний төрсөн аав болох Сүхийн хүүхэд буюу эцэг нэгтэй дүү Оросоо гуайн бичсэн “Лодонгийн Дандар” номонд нэлээдгүй баримт байсан нь олзуурхууштай.
Тэрээр домог мэт яригддаг алаг морины тухай ингэж хэлжээ, “Ид шидсээд байх юм миний алаг моринд байхгүй, сургуультай л морь. Агтны сүүл барьсан цүдгэр амьтан байсан юм. Дорнодын Эрдэнэцагаан сумын Доржийн унаган хүлэг. Дайны жилүүдэд цээж, бөгсөндөө мөн ч олон сумны шарх авсан даа. Дорнодын их талд ямар нуугдах газар байх биш. Миний бат бөх цайз болдог байсан юм. Алаг морь минь 1945 оны өвөл Жанчхүүгийн давааны хойд нуруунд өөд болсон доо, хөөрхий. Морио их санах юм даа” гэсэн байна.
Их жанжин Д.Сүхбаатар “Монгол цэрэгт гурван амь заяадаг. Чиний амь дээр агт морь, байлдааны зэвсэг хоёр чинь нэмэгддэгийг байнга сана” хэмээн цэргүүддээ хэлж байсанчлан алаг морь Д.Дандар баатар хоёр нэгэн бүхэл амь байсныг эндээс мэдэж болох аж. Ер нь түүний тухай уншин судлах бүрт ямар эрэлхэг зоригтой баатарлаг атлаа ямар энгийн даруу зантай хүн байсан гэдгийг нь улам ихээр мэдэрнэ. Мэдээж түүний төрсөн нутаг, төгссөн сургууль, Халхын голын дайны гавьяа, хилс хэрэгт гүтгэгдсэн зэргийг ном, сурах бичиг, зохиол бүтээлээс харж болох учир би энд тэр талаар дурдахыг илүүд үзсэнгүй.
Харин Дандар баатрын 1945 оны Чөлөөлөх дайнд гүйцэтгэсэн үүргийнх нь тухай төдийлөн мэдээлэл байдаггүй. Манай сонины ахмад сэтгүүлч Ч.Зоригтын бичсэн “БНМАУ-ын нэрийн өмнөөс буудан алсугай” хэмээх нийтлэлд энэ талын мэдээлэл түлхүү байх ажээ. 1945 оны Чөлөөлөх дайнд Л.Дандар 13 дугаар морьт хороо, ардын хувьсгалын партизан, хошууч генерал Ч.Доржпаламын командалсан тавдугаар морин дивизийн бүрэлдэхүүнд дайны хүнд үе, замыг туулсан түүхтэй. Гол чиглэлд давшсан 13 дугаар морьт хороо 11 мянган км замыг морь, тэмээгээр туулж, Хятадын Их цагаан хэрмийг чөлөөлж, улмаар Губей Коу хотыг эзэлсний дараа тус хотын амгалан тайван байдлыг хамгаалах, анги салбараасаа тасарсан, төөрсөн монгол цэргүүдийг эмхлэх комендантын үүрэг гүйцэтгэж байлаа.
Морьт хороо хотын ойролцоо байрлаж, өдөр шөнөгүй эргүүл хийж, энд тэндээс буудах квантуны армийн үлдэгдлийг цэвэрлэн устгаж байв гэж дурдагддаг. Ер нь Дандар баатар гэж хэн юм, үнэхээр япон цэргийн толгойг цавчдаг байсан уу, шоронд ороод юу үзэж туулсан гээд аазгай хөдөлгөсөн олон сонирхолтой асуултад аз болж хариулт авсан хүн бол ахмад сэтгүүлч Б.Цэрэнноров гуай юм.
Тэрээр 1965-1966 онд уг түүхт хүмүүнтэй уулзан тэмдэглэл хөтлөсөн байдаг. Түүний хувийн тэмдэглэлээс сонирхолтой, түүхт хүмүүний тухайд их зүйлийг мэдэж болох ажээ. Тиймээс сонирхолыг минь татсан хэдэн асуулт хариултыг ямар нэг утга найруулгын засвар хийлгүй уншигч танаа болгоож байна
Таныг алаг морио унаж, сэлмээ далайж япон цэргийн толгойг хадлан хадах мэт ээлж дараалан хяргадаг байсан гэдэг үнэн үү?
1939 он чинь зэр зэвсэг их хөгжсөн үе гэдгийг та нар юу эс андах вэ. Цэрэг хүн бүр хурдан буутай, гар бөмбөгтэй болсон цагаас эрт урьдын морин цэргүүд шиг сэлэм, жадаар байлддаг үе өнгөрсөн. Тийм үед морины хурдаар давхиж, япон цэргийн толгой цавчина гэдэг байхгүй юмны нэг. Гэхдээ ах, дүү орнуудын армитай тулгарч балмагдан зугтсан ганц, хоёр япон явган цэргийн толгойг сэлмээр араас нь цавчих үе байсан гэдгийг хэлье. Миний бие тийм тулгарах байлдаанд цөөнгүй оролцсон. Тэгж явахад сэлмээр хүний толгой цавчаад зогсохгүй, гар буугаар цөөнгүй япон цэргийг араас нь буудаж, унагасныг миний морин жолооч нар гэрчилнэ.
Одоо Цэнхэрмандал сумын малчин Дамба гэгч хүн байна. Тэр миний морин жолооч байсан учир олон биш гэхэд цөөнгүй удаа миний байлдах явцыг нүдээрээ үзсэн хүн. Харин нэгэн удаа би яах ийхийн завдалгүй нэгэн япон цэргийн араас очин морин дээрээс нуруу руу нь сэлмээрээ нэвт хатгаад сэлмээ сугалж чадалгүй мориноосоо унасан явдал бий. Чухам тэр үед Дамба намайг морин дээрээсээ шүүрч аваад морьдын хөлд гишгүүлэхээс аварсан юм шүү. Дамба бол бие жижиг ч зоригтой, чадалтай эр байсан гэдгийг хэлье.
Алаг морины тухайд гэвэл, агтаа эргэж очиход надад нэг номхон морь барьж өгөхөд нь залуу насны аагаар олигтой морь өг! гэсэн. Цэргийн агтанд нэг алаг морь байна. Оломны цанхтай, бас ч үгүй эмнэг юм билээ гэхэд нь; -Надад бариад өг! Эмээллэчих, би номхруулъя гэв. Тэгээд л алаг морио номхруулан жинхэнэ нөхрөө болгосон. Алаг морьтойгоо харуулд ч гарсан, дайнд ч орсон. Асар их тэнхээтэй, сонор амьтан байсан даа. Цэрэг хүний жинхэнэ амь байсан юм.
Харин энгийн үед намайг дээд командлалаас алаг морь унаж явахыг хориглосон. Учир нь алаг морьтойгоо зүс содон явж байгаад гадны тагнуулуудад алуулна гэж айсан хэрэг. Алаг морь бид хоёр руу япон цэргүүд цөөнгүй сум тавьсан ч морины хурд, сумнаас биеэ хамгаалах чадвараас гэх үү, бид хоёр суманд сийчүүлээгүй. Хөөрхий морь минь 1945 оны дайны үеэр хаднаас нисэж өөд болсон.
Та байлдааны талбарт шархдаж үзээ биз? Ингэхэд хэдэн удаа дайнд орсноо тооцсон уу?
-Дайсны суманд өртөөгүй хүн цөөн биз. Би нэг удаа гуяндаа бас өсгийндөө сум зоолгож үзсэн. Арьс зүссэн ялихгүй шарх учир боолгоод л эдгэрсэн. Аз түшдэг шүү, буудуулах нь болоогүй юм байх сум зоолгоогүй л байна гэж боддог байлаа. Бид чинь заримдаа нэг өдөрт арваад удаа дайнд орох нь энүүхэнд. 1939.05.15-нд дайсны тал Халх гол гаталсан үеэс квантуны армид бүслэгдсэн олон анги бүслэлтээс гарахын тулд янз бүрийн арга хэрэглэсэн, их бага олон удаа байлдаанд оролцсон доо. Тэр цагт хэзээ нэгэн цагт таниас ингэж асуугдана гэж даанч тоолж байсангүй.
1939.05.21-ний өдөр болов уу сайн санахгүй байна. Нэг өдөр дайсанд хөөгдөж, хөөж явсан их халуун өдөрсөн. Би тэр өдөр морьтой, машинтай найман удаа байлдаанд оролцсон. Үдэш нь машинд маань 10 гаруй сум туссаныг тооцож, орос жолооч алагдаж, харин миний өсгийнд сум туссаныг сайн санаж байна. Энд нэг зүйлийг сануулъя. Хилийн сумангийн ахмад Чогдонгийнхон гурав хоног дайсантай хөөцөлдөж, 36 гэл үү, 46 удаа байлдаж гарч
ирсэн гэдэг юм.
Тэгэхээр ганц би дайсантай олон удаа тулгарсан хүн биш юм. Миний 1939, 1945, 1945-1948 оны дайн гээд дайсантай буудалцсан тоо нь гэвэл нэлээд их тоо гарах байх. Муу хүн идсэнээ гэдэг шиг дайнд оролцсон тоогоор хөөцөлдөх нь эвгүй юм.
Таныг нэг өдөр халимагаа авахуулсан, бүх дарга нарынхаа халимагийг ч авахуулсан гэдэг яриа бий. Байлдахад халимаг үс саад болдог хэрэг үү?
-Би үсээ авахуулсан шүү. Үсдүүлж үхэхээ шахсан. Учир нь тагнуулч болох гэж савсагнаж явснаас болсон. Халхын голын дайны үеэр би газар орны байдал ажихаар тагнуул хийлээ.
Нэгэн толгойн өвөр дээр японы хяналтын байр байхыг анзаарлаа. Нэг япон офицер үе үе нуувчнаасаа цухуйж хоёр нүдний дурангаар манайхны чиглэл рүү харчихаад далд орж байна аа. Нуувчных нь аман дээр гар буу, гранат, мөн том цүнх байх нь харагдлаа. Харин япон офицер газрын зураг дээр ажиллаж, юм тэмдэглэж байх юм. Тухайн үед би залуу ч байж, жаахан ойворгон, сагсуудуу байсан байх.
Тагнуулчиддаа “Амьд хэл авчирсангүй, та нарт би өөрөө яаж амьд хэл барьж ирдэгийг харуулна” гэж их зэмлэдэг байлаа. Тэгээд л тухайн үед надад яг одоо л амьд хэл барьдаг цаг гэж аазгай хөдөлсөн. Тэгээд цуг явсан морин жолооч тагнуулын даргадаа; -Морь малаа далдлан эндээ хүлээ гээд өнөөх япон офицерын зүг сэмээрхэн гэтэж мөлхөв. Бас зүгээр ч үгүй ээ, чимээ гарна гээд хөл нүцгэн явсан. Ингээд япон цэргийн арын бутанд хүрлээ. Авч яваа нагаан буундаа дүүртэл нь сум хийлээ. Бас гарыг нь хүлэх олс авч явсан гээч. Нэг, хоёр метрийн хэртэй газар ойртож очив. Гэтэл өнөөх япон босоод ирлээ. Нэлээд том биетэй хүн ажээ. Би ч дав хийн араас нь мордож аваад нуувчнаас нь гаргав. Бид хоёр дээр, доороо орон ноцолдож, хэд хэдэн удаа элэг, шанаанд нь хүчтэйхэн буулгатал, өнөөх япон намайг үсдэж аваад доороо хийчихсэн. Тэгээд элгэн дээр өвдөглөж, нэг гараараа хоолой багалзуурдлаа.
Амьсгал боогдоод, ухаан балартаад алууллаа л гэж бодлоо. Энэ үед урьдах тэлээнд хавчуулсан буу гарт таарлаа. Бууныхаа гохонд хүрч гэдэс рүү нь хэд хэд буудлаа. Дээрээс дарсан том хүний хоолойд минь шигдсэн лужир гар суларлаа. Түлхэн унагаж босч иртэл, надтай хамт явсан нөхөд давхиад ирлээ. Үсээ туг тугаар нь зулгаалгасан, хуйх ч өвдөж, үсээ авахуулан улмаар тагнуулчдынхаа ч үсийг хуссан. Амьд хэл авч ирэх гэсэн биш үхэх шахсан. Харин тэр япон офицерын ажиллаж байсан газрын зураг ямар ч амьд хэлээс үнэтэй мэдээлэл байсан юм шүү. Бөх гэж өөрийгөө боддог би үхсэн хойноо ч бөх бол, зэвсэггүй японд нядлуулах дөхлөө гэж өөрийгөө сүүлд голсон.
Таныг сум, аймгийн наадамд нэг бус удаа түрүүлсэн гэсэн яриа бий?
-Ичмээр юм. Залуудаа нэлээд яггүй эрстэй барилдаж ноцолдсоон. Нэг удаа сумын наадамд түрүүлсэн шүү. Яагаав өнөөх “ахынд” гарсан үед шүү дээ. Харин аймаг улсад барилдаагүй. Дайсантай нүүр тулсан үедээ ганц, хоёр олигтойхон мэх ч хийгээд буулгаад авч чадахгүй байж, яаж өөрийгөө барилддаг гэх вэ дээ. Бөх хүнд мэхнээс гадна арал, бяр гээч өөр чадвар заяадаг байх. Намайг бөх гэж битгий л цуурч үзээрэй.
Таныг хэлмэгдүүлсэн гол шалтгаан юу байв?
-Хүнийг аз хийморьтой явахад атаархан хорсогч байдаг. Байнга бадарч байх юм шиг биеэ тоосон үе ч бий. Аль аль нь намайг тойроогүй, дайрсан гэж хэлье дээ. Надад тулгасан ялнаас хүлээх нь ч бий, бас хүлээж боломгүй гүтгэлэг ч бий. Дайны цагийн хуулиар бол цэргийн дарга надад сахилгын шийтгэл оногдуулах зүйлийг “гэмт хэрэг” гэж тухайн үед үзсээн. Энэ талаар ярих нь утгагүй. Намайг ялласан зүйл гэвэл “Тайван цагт сагсуурч, байлдааны үед хэрэглэх онцгой арга хэмжээ авч, энгийн номхон хүн алсан, олон машин техник эвдсэн” зэрэг зөндөө л ял тулгасан. Яахав шоронд орсондоо гомдоод байдаггүй, харин ч энх цагт амьдрах ухаан суулгасан гэдгийг хэлчихэд илүүдэхгүй биз.
Таныг шоронгийн хоригдлууд мулзлах гэхэд нь номхотгож өгсөн гэдэг?
-Би шүүхээр таслагдаж, шоронгийн хуяг намайг мулзныхан дээр оруулсан нь үнэн. Мулзныхан намайг харангуутаа л тарган хулгайч гээд гутал, өмд, дээл авах гэхэд нь цэргийн байлдааны тактик, зодоон мэддэг, бас нас залуу учир миний хромыг тайлсан хоёр нөхрийг өнөөх гутлаараа толгойд нь буулгаж, ойртсон бүгдийнх нь нүд, ам, хамрыг булдруу болтол нь цохиж өгснөөс хойш оролдоогүй шүү. Тэд улсын баатар Дандар гэж мэдээд бөхөлздөг болсныг л хэлье.
Та шоронд хоригдлуудын хоолойд хөө түрхээд, энэ удаа модны хөө түрхэв, дараа бол огтолно гэж сануулсан яриа бий. Энэ үнэн үү?
-Тэр бол үнэн. Шоронд орсны минь орой би арваад ялтантай өрөөнд орсон. Тэд намайг пийшэн галла гэсэн. Би пийшинг галлаж байхдаа эд нарыг хашраая, гэж санан мод түлсэн. Хуурай модоор хүн гуядаад нэмэргүй, нойтон хусаар дутуу шатаахаар нь дээрэлхэж буйг нь зодъе гэж зориуд нойтон модыг хугалалгүй пийшэнд түлж, сайн асахаар нь надад тушаал буулгасан этгээдүүдээс эхлэн цөмийг нь арьс, маханд нь шингэтэл нь гөвдөж өгөв. Гөвдөх гөвдөхдөө бүр тэдний хүзүү хоолойг овоо шарх, сорви болгон хөөдсөн. Морин цэргийн сэлмийн анги төгссөн эрдмээ үзүүлсэн хэрэг л дээ.
Тэгээд; -Та нар муусайн хулгайчид надаар оролдохгүй бол, буутай сэлэмтэй японоос айж үзээгүй би юу боллоо гэж дайны үнэрт ороогүй та нар шиг этгээдүүдэд дээрэлхүүлэх билээ гэх мэт үгс хэлсэн байх. Түүнээс хойш намайг оролдох гэсэн юм ердөө гараагүй. Ямаа эцсэндээ эр бяр гаргана гэгчээр би хоригдлоор зугаа гаргахын хэрэг юу сан билээ.
Та Өвөрмонголд хүн олонтой хотоор явахдаа Чапаев шиг том малгай өмсөж, нөмрөг дэрвэлзүүлэн гангарч, урдаа автомат буу зөрүүлэн, харцаа дээгүүр шидэн алхаж явсан гэдэг үнэн үү?
-Пул, пал манай Сэрээнэн хэзээ билээ надад; -Чи мөн сүртэй амьтан Хятадын нутгаар явдагсан гэж билээ. Тийм юм байсныг үгүйсгэхгүй. Ялсан армийн дарга хүн гээд даналзаж явснаа хүлээе. Миний урд талд хамгаалалтад нэг бага дарга, хоёр цэрэг явдаг байсан.
БНМАУ-ын Гарамгай баатар Л.Дандар хэмээх энэ эрхэм хүний амьдрал яг л кино шиг өнгөрчээ. Монгол Улсын газар шороон дээр үеийн үед Л.Дандар шиг хөвгүүд байсан учир бид өнөөдөр 1.5 сая км.кв газар нутагт эрх дураараа амьдарч яваа биз. Энэ улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг үргэлж Л.Дандар шиг сэлэм барьсан хөвгүүд нь хамгаалж ирсэн, цаашид ч түүн шиг хөвгүүд энэ л нутагт мэндэлж, энэ л газар шороог хамгаалсаар байх болно.
Эх сурвалж: “Соёмбо” сонин
3 comments
номхон зогсож хүндэтгэл илэрхийлеэ
Мундаг эр байжээ
Эх орон Дандар баатар шиг эрчүүдээр үргэлжид дутна. Харин энэ улс төрчид бол илүүдээд байна даа