Яргуй идсэн бор гөрөөсний цус эрүүл мэндэд ашигтай юу?

Хүйтний ам цаашилж хөхүүрийн ам наашиллаа. Урин дулаан цаг ирэхтэй зэрэгцэн бор гөрөөсний хууль бус ан агнуур мэргэжлийн байгууллагад цөөнгүй бүртгэгдэх нь бий. Монголчууд хаврын улиралд яргүй идсэн бор гөрөөсний цус уух гэж энэ амьтаныг агнах, хилээр гаргах зэрэг зөрчлүүд илэрдэг.
Гөрөөсний цус уух нь эрүүл мэндэд эсрэгээрээ аюул дагуулж цусны аюулт халдварт өвчин тусдаг болхыг холбогдох албаны хүмүүс анхаарууллаа. Энэ амьтны цусанд өвчин үүсгэдэг babesia venatorum гэх нэг эст шимэгч амьдардаг бөгөөд хачгаар дамждаг болохыг нь манай эрдэмтэд япончуудтай хамтран тогтоожээ.
Хэрэв нэг эст уг шимэгчээр халдварласан тохиолдолд цус багадах эмгэг, дэлүү, чөмгөнд бүрэлдэх улаан эсийн тоо буурах аюултай гэнэ. Үүнээс гадна гөрөөсний экологи эдийн засгийн үнэлгээ 230.000-400.000 төгрөг байдаг. Хууль бусаар агнавал хоёр дахин нэмэгдүүлэн төлөх аж.