-Загвар зохион бүтээгчид этгээд загвараар бүсгүй таны маргаашийн хаалгыг нээж байна-
“Математикчдын хаан” хэмээн алдаршсан Карл Фридрих Гаусс “Амьдрал миний өмнө шив шинэхэн өнгөлөг хувцастай мөнхийн хавар шиг зогсож байна” хэмээн хэлсэн байдаг. Математикчаас гарамгүй романтик үгийг хэлүүлж чадсан урин хавар гэнэт уурсан салхи дэгдээж, шороо босгосон ч “ирж яваа цаг” болоод ч тэр үү хаврын хуйсгар өдрүүд сэтгэл жиндүүлдэггүй нь гоё.
Айсуй хаврыг хамгийн ихээр догдлон хүлээдэг хүмүүс бол загварын чиг хандлага тодорхойлогч стилист, худалдан авагчид байдаг. Энэ удаа 2017 оны хавар, зуны тренд загваруудаас танилцуулж байна.
Загварын ертөнцөд 1980-аад оны чиг хандлага эргэн иржээ. Гэхдээ мэдээж хэрэг 30 жилийн өмнөх загварууд дээр суурилсан, илүү донжлог бүсгүйчүүдээс илүү зориг шаардсан сул чөлөөтэй, эрээн цэцгэн хээтэй, ерөөс солонго мэт эндүүрмээр бас хамгийн хачин харагдаж мэдэх сүүдэртэй этгээд загварууд энэ хавар, зуны сонголт байх нь.
Дизайнеруудын энэ жилийн тренд болгож буй бүтээлүүд хэзээ ч юм хамгийн загварлаг, этгээд фанк гүнж болохыг мөрөөддөг охид бүсгүйчүүдэд зориулсан гэж хэлж болно. Охид бүсгүйчүүдийн плать, нимгэн цамц өмдний хослол нь цэцэг, навчин хээ, номын мөрүүд бүхий судал хээ болон хатгамал үүлээр хүртэл чимэглэгдсэн байгаа нь гайхах зүйл биш шүү.
Энэ хаврын гоёлын өнгө харанхуйг гэрэлтүүлэм, хувцасны том мөр нь бүсгүйчүүдийг өөртөө итгэлтэй, тэнцвэртэй харагдуулж байгаа биз. Плать, өмд цамцан дээрээ бэхэлж зүүсэн аварга том бүс, болор ээмэг зэрэг нь аймшигтай харагдаагүй биз дээ.
Гайхах хэрэггүй. Дизайнерууд энэ хавар 1980-аад оны хэв маягийг бүх цаг үеийн хамгийн гайхалтай эльментээр чимэглэсэн загварыг санал болгож байна. Тэд анхны харцаар хараад өдөр тутам өмсөх нь зохимжгүй мэт санагдах энэхүү этгээд загвараар бүсгүй таны маргаашийн хаалгыг нээж байна. Та ийм хувцас өмсөнө гэж урд өмнө төсөөлж ч үзээгүй байж мэднэ. Гэхдээ зориглоод үз.
Д.ХАЛИУН