Өнөөдөр “Дэлхийн нойрны өдөр” тохиож байна. Эл өдрийг Олон улсын анагаах ухааны нийгэмлэг 2008 оноос эхлэн тэмдэглэж ирсэн аж. Гол зорилго нь хүн төрөлхтний нойрсох хугацаа жил ирэх бүр багассаар байгаад олон нийтийн анхаарлыг хандуулах явдал юм байна. Нойргүйдэл удаан үргэлжилбэл хүний сэтгэцэд муугаар нөлөөлж эхэлдэг байна. Тухайлбал, удаан хугацаагаар нойр дутуу явбал архаг ядаргаанд орж эхэлдэг. Тархи амарч чадахгүйгээс сульдаж ядрах, ажлын ачаалал даах чадвар буурах, анхаарал төвлөрөл буурах, гэрэл дуу чимээнд дургүй болох гэх мэт шинж тэмдгүүд гарч ирж байгаа гэсэн үг. Үүнээс гадна ялгүй зүйлд уурлаж уцаарлах, аливаа зүйлд хандах идэвх сонирхол буурна.
Нийгмийн байдал, шашин шүтлэг, боловсрол, соёлын түвшинээс үл хамааран хүн амьдралынхаа гуравны нэг орчмыг унтаж өнгөрүүлдэг гэж үздэг. Насанд хүрсэн хүний унтах зохистой хугацаа нь хоногт 7-8 цаг байдаг. Гэвч сүүлийн 20 жилд хүний унтах цаг хугацаа 30 минут багассан нь нойргүйдлийн шалтгаан болж байгаа аж. Эмэгтэйчүүдийн тархи эрчүүдийнхийг бодвол оюуны хувьд өдрийн туршид илүү эрчимтэй ажилладаг учир тэд шөнөдөө илүү удаан унтах шаардлагатай байдаг байна.