Ахмадуудыг тэтгэврийн зээл авахаас аргагүй байдалд үр хүүхдүүд нь хүргэдэг
2017 оны байдлаар Нийгмийн даатгалын сангаас нийт 381.8 мянган тэтгэвэр авагч арилжааны арван банкаар дамжуулан тэтгэврээ авч байна. Тэдний 52.2 хувь нь Хаан банк, 39.6 хувь нь Төрийн банк, үлдсэн 8.2 хувь нь бусад арилжааны банкаар дамжуулан тэтгэвэртэйгээ золгодог. Ахмадуудын 60 хувь буюу 230.8 мянган хүн 680.9 тэрбум төгрөгийн тэтгэвэр барьцаалсан зээлийг 18 хувийн хүүтэй, 23 хүртэл сарын хугацаатай авсан байна. Харин нийт тэтгэвэр авагчийн найман хувь нь богино хугацааны буюу зургаа хүртэлх сарын барьцаалсан зээл авсан судалгааг ХНХЯ-наас гаргалаа. Үүнээс харахад өндөр настнуудын 70 орчим хувь нь тэтгэврээ барьцаалж, арилжааны банкны өндөр хүүтэй зээлээр амьдарч байна гэсэн үг.
Гэхдээ энэ нь 2017 оны сүүлийн статистик гэдгийг тодотгох нь зөв. Мэдээж өнгөрсөн сард болсон сар шинийн баяраар тэтгэврээ барьцаалж зээл авсан ахмад настны тоо тоймгүй нэмэгдсэн нь ойлгомжтой. Үүнийг Баянзүрх дүүргийн зөвхөн Шархад дахь банкны салбарт л гэхэд “Тэтгэврийн зээл” гэсэн хавтсанд багтахгүй хахсан цэнхэр дэвтрүүд тавцан дээрээс нурах шахам овоолоостой байснаас харж болно.
Ахмадууд өндөр настны тэтгэврээ зориулалтын дагуу сар бүр амьжиргааныхаа эх үүсвэр болгон ашиглаж чаддаггүй ийм байдал хэдий хүртэл үргэлжлэх вэ. Энэ талаар ХНХ-ын сайд С.Чинзоригоос тодруулахад “Тэтгэврийн зээл төрийн үйлчилгээ биш. Харин арилжааны банкуудын бүтээгдэхүүн. Ийм бүтээгдэхүүн бий болж, иргэд хэрэглэж байгаа нь сайн хэрэг. Гэхдээ нөгөөтэйгүүр тэтгэвэр гэдэг арилжааны банкны барьцаанд тавигдах зүйл биш. Тухайн өндөр настны сар тутмын амьжиргааг залгуулах эх үүсвэр. Гэтэл Монголын зарим арилжааны банк тэтгэвэр барьцаалсан зээлийн үйлчилгээ бий болгочихсон. Ахмадууд тэтгэврийн хэмжээ бага, амьдралд хүрэхгүй байна гэхээсээ илүүтэй үхтэл үр харам гэсэн философиор ханддаг.
Хөгшчүүд тэтгэврээ зөвхөн өөртөө зарцуулбал амьдралд нь нэмэр болох л мөнгө. Гэтэл хүүхдийн сургалтын төлбөр, эрүүл мэндийн үйлчилгээнд тэтгэврээ барьцаалан их хэмжээний зээл авч өгчихөөд байгаа тул “тэтгэврийн зээл”-ийн дарамтыг ахмадууд үүрээд байгаа юм” гэлээ. Үүнийг задлаад үзвэл, ахмадуудын дийлэнх нь өөрийнхөө хэрэгцээг хангахаас илүүтэй ихэвчлэн үр хүүхдийнхээ хэрэгцээ, шаардлага, гуйлгыг биелүүлэхээр зээл авдаг байна. Тэр ч бүү хэл зээл авахаас аргагүй байдалд ортол эцэг эхээ “дарамталж”, авсныг нь хуу хамдаг ачлалгүй үр хүүхдүүд ч байдгийг баримтаар хүргэе.
С. Чинзориг: Тэтгэврийн зээл төрийн үйлчилгээ биш
МУИС-ийн дэргэдэх Профессорын багаас “Тэтгэврийн зээлийг хэн авч байна, юунд зарцуулах, ямар зорилготой авав” гэсэн судалгаа явууллаа. Гэтэл зориулалт нь “хэрэглээ” гэж гарчээ. Тэгэхдээ ахмад настны хэрэглээ бус ажил хийхгүй гэртээ суудаг залуусын хэрэглээ гэх дүн гарсан байна. МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн багш Л.Оюун “Улаанбаатар хотын ахмадууд тэтгэврийн зээл аваад үр хүүхдэдээ өгчихдөг тул өөрсдөө улаан мөнгөгүй болчихдог.
Мөнгөгүй хүмүүс яах вэ, мэдээж хотоор өдөржин дэмий тэнэдэг юм байна. Азаар автобус нь үнэгүй. Хоол идэж, цай уусан ч юм байхгүй. Тэгээд орой үр хүүхдээ, нөгөө хүчирхийлдэг хүмүүсээ гэртээ ирэхээс нь өмнө очиж, унд хоолыг нь бэлтгэдэг байх жишээний амьдралын хэв маяг нийтлэг. Ийм жишээ олон гарсан. Энэ бол үнэхээр аюултай үзэгдэл” хэмээн өөрийнхөө багийн судалгааг танилцуулахдаа хэлсэн. Эндээс харахад төрийн үйлчилгээг барьцаалсан арилжааны банкны бүтээгдэхүүнийг хуулиар хориглоход буруудахгүй гэсэн дүгнэлтэд хүрч болохоор. Энэ асуултыг ХНХ-ын сайд С.Чинзоригт ч мөн тавилаа. Тэрбээр “Нэгэнт бий болсон зүйлийг одоо хориглож болохгүй байна. Яагаад гэвэл хэрэгцээ нь байна” гэсэн хариулт өгөв.
Харин ахмадуудыг гар дээрээ тавих таван ч төгрөггүй болохоос сэргийлэх үүднээс тэтгэврээрээ зуун хувь төлдөг зээлийн нөхцөл дээр нэг ядмагхан өөрчлөлт оруулсан нь саяхнаас хэрэгжиж эхэллээ. Энэ нь тэтгэвэр барьцаалсан зээлийн 70 хувийг төлүүлж, үлдсэн 30 хувийг тэтгэвэр авагчийн гар дээр үлдээх ёстой юм. Ингэснээр тэтгэвэр авагч энэ мөнгөөр амьдралаа залгуулахад нь нэмэртэй гэж Засгийн газар үзсэн. Харин бусад орны хувьд тэтгэврийг тухайн сардаа л ашиглах ёстой гэсэн бодлого баримталдаг. Японд гэхэд тэтгэвэр барьцаалсан зээл олгохыг хуулиар хориглодог. Мөн манай урд хөрш БНХАУ-д эцэг, эхээ үл хайхран, асрахгүй байгаа иргэдийг “хар жагсаалт”-д бүртгэж, цаашлаад банкны зээл олгохгүй, данс нээхгүй байх эрхийг орон нутгийн захиргаанд өгдөг юм билээ.
Анх 2013 онд БНХАУ-д энэ талаар хууль баталж, настай эцэг, эхээ тогтмол эргэж тойрдоггүй хүмүүсийг хариуцлагад татахаар журамласан нь нийгэмд сайн үр дүн авчирсан гэдэг. Гэтэл Монгол Улсад настай эцэг эхээ асрах нь битгий хэл тэтгэврийнх нь хэдэн төгрөгийг орлогын эх үүсвэрээ болгодог хүмүүс захаас аваад дүүрэн байгаа нь даанч харамсалтай.
- Ахмадуудын 70 орчим хувь нь тэтгэврээ барьцаалж, арилжааны банкнаас хүүтэй зээл авч амьдардаг
- Настнууд ядуу, эдийн засгийн чадавхигүй, хүний хараат байдалтай амьдарч байгаа нь тэтгэврийн зээлтэй холбоотой.
- Японд тэтгэвэр барьцаалсан зээл олгохыг хуулиар хориглодог бол манай урд хөрш БНХАУ-д эцэг, эхээ үл хайхран, асрахгүй байгаа иргэдийг “хар жагсаалт”-д бүртгэж, шийтгэдэг.
Хүү, охин эсвэл бэр, хүргэн нь шаналгаж, дарамталж, хүчээр тэтгэврийн зээл авахуулсаар байна. Үүний уршгаар өндөр настнууд маань жинхэнэ ядууралд автаж, эдийн засгийн чадавхигүй, хүний хараат байдалтай амьдарсаар энэ насыг элээх тавилантай эвлэрч явна. Салбарын сайдын хэлсэн үгнээс харахад төр хуулиар зохицуулж, тэтгэвэр барьцаалсан зээлийн үйлчилгээг хүчээр зогсоохоос эмээж байна.
Магадгүй ахмадууд биш юм аа гэхэд эцэг эхээ тэтгэврийн зээл авахуулахаас аргагүй байдалд хүргэдэг хүүхдүүд ийм шийдвэр гаргагчдаас сонгуулийн үеэр хариугаа авна гэж болгоомжилдог байх. Зөвхөн энэ удаагийнх биш эрх барьж буй нам, түүнээс байгуулагдсан Засгийн газар олон нийтэд таалагдах шийдвэрийг эцсийн үр дүнг нь харалгүйгээр гаргасаар ирсэн. Гэхдээ ядаж тэтгэврийн хэдэн төгрөгийг ажилгүй залууст завшуулахгүй, банкны хүүнд мөлжүүлэхгүй байх боломжийг хэдэн ахмаддаа олгоод, тэтгэвэр барьцаалсан зээлийн үйлчилгээ гэгчийг тас хориглосон хууль гаргаад өгөөч төр, засгийнхан минь ээ.
Эх сурвалж: ‘ЗАСГЙИН ГАЗРЫН МЭДЭЭ’ СОНИН
2 comments
ТЭТГЭВЭР ГЭЖ НЭГ ЖООХОН ЮМ ӨГЧИХӨӨД ЯАЖ АМЬДАР ГЭЭД БАЙГАА ЮМ БОЛДОО. ТЭТГЭВЭР БОЛ ЕРӨНХИЙДӨӨ ХЭРЭГЛЭЭНД Д ЯВДАГ Ш ДЭЭ, БАЙР, ЦАХИЛГААН, ХООЛ ХҮНС ГЭЭД ЛЛЛ, ХҮРЭХГҮЙ ШАХАМ БАЙХАД ЮУН ДЭЭРЭЭС НЬ ХЯНАЛТ ТАВЬЖ ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛЭНД НЬ ХУВЬ ТОГТООХ ВЭ??ТӨРД НАСААРАА ЗҮТГЭЭД 300,0 Ч ХҮРЭХГҮЙ ТЭТГЭВЭРТЭЙ АХМАДУУД ЗӨНДӨӨ БНА. ИХЭНХ НЬ АМЬРАЛДАА Л ЗОРИУЛЖ БНА. УГААСАА ХҮРЭХГҮЙ ЮМЫГ ЗЭЭЛЭХЭЭС ӨӨР ЯАДГИЙМ.
тэтгэврийн зээлийг зогсоосон нь дээр дээ ,энэ зээлний ард үнэхээр хүчирхийлж авсан зээл их байгаа шүү, арилжааны банкнуудын хамгийн эрсдэлгүй зээл энэ бүтээгдхүүн тийм учираас бие биенээсээ өрсөж их хэмжээгээр/ 24 сараар / бүр үр хүүхдийнх нь муу зээлийг төлүүлэх гэж 36 сараар хүртэл олгодог байсан ш дээ, өндөр настнууд тэт/зээлээ өөрсдөө хэргэлдэгүй ш дээ дандаа үр хүүхэд ач зээдээ хэрэглүүлдэг