Сангийн сайдын суудлаа Ч.Хүрэлбаатарт өгсөн Б.Чойжилсүрэнг УИХ-ын гишүүнээс эргүүлэн татах эсэхийг шийдвэрлэх шүүх хурал өнөөдөр 14:00 цагаас товлогджээ. Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд эрхэм гишүүн өөрийн биеэр оролцох боломжгүй байгаа аж. Иймд Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд тус шүүх хурлыг цахимаар явуулахаар болжээ.
Увс нутгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнтэй холбогдох алга дарам цаасан дээр бичсэн хэдэн мөр үг хүссэн ч эс хүссэн ч холбогдож таараад байгаа. Ховд аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гэж хаягласан эл бичигт “2016 оны УИХ-ын сонгуулийн 31 дүгээр тойргийн 3,4 дүгээр хэсгийн шилжин ирсэн хуудас, лавлагааны хамт 2016 оны наймдугаар сарын 6-ны өдрийн үер усны улмаар албан газрын гражинд ус орсноор гэмтсэн тул устгасан болно” гэсэн эл бичгийг харсан хэнд ч болов гишүүний “но” илхэн харахаар байна.