1970-1980-аад оны үед бараг л орц болгон хамтлагтай байсан гэхэд хилсдэхгүй. Байрны булан тохой, тоглоомын талбай, цэцэрлэгт залуус гитартай дуулж суухнь тухайн нийгмийн ҮЗЭГДЭЛ байсан гэхэд болно. Ингэж л суухдаа залуус амьдралын найз, заяаны хань, насан туршийн нөхөрлөлөө олж авч, мартагдамгүй дурсамжаа мөнхөлсөн байдаг. Тэдний дундаас өнөөгийн хөгжмийн ертөнцийн одод ч олноороо төрөн гарч, цаг үеийг эүзлэсэн хит дуунууд зохиогдсон нь бий.
Нийгмийн өөрчлөлтөөс шалтгаалан хэсэгтээ орхигдсон тус ҮЗЭГДЭЛийг эргүүлэн сэргээх уриалгыг гитарчин, дуучин О.Гантулга гаргажээ. Тэрээр өөрийн фэйсбүүк хуудсаараа “Гитартай дуулах давалгаа” эхлүүлж буйгаа зарласан бөгөөд үүнд хамт олноороо нэгдэхийг уриалжээ.
Тэрбээр : -Дуу хөгжим бол гайхамшиг. Гайхамшгийг ганцаараа мэдрэх нь учир дутагдалтай. Тиймээс хамтдаа дуулж хуурддаг байсан хуучны сайхан уламжлалыг сэргээж, гайхамшгийг бүх нийтээрээ мэдэрцгээе. Үүнийг би эхлүүлье, та бүхэн хамт олноороо дэмжээд давалгаалуулаарай гэв. Дуучин О.Гантулга нь анхлан гитарын үзүүлбэрээрээ олон нийтийн сүлжээнд танигдсанаас хойш уран бүтээлээ тасралтгүй туурвисаар, өдгөө бие даасан анхны “Life is a dream” цомгоо сонсогчдод хүргэхэд бэлэн болжээ. Тэрбээр 2018.03.18-нд цомгийн баяр, шоу тоглолтоо Salm Pub-д хийх бөгөөд тус явдлыг тохиолдуулан “Гитартай дуулах давалгаа” уралдаан зарласан байна. Тус уралдаанд гэр бүлийн найзууд, анги хамт олон, байгууллага, он жав гэх мэтээр хэн бүхэн хамтран оролцох боломжтой юм. 3-р сарын 17-нд ялагчдыг тодруулан дуучны зүгээс томоохон бэлэг барих ажээ.