Ардчилсан намын Хэвлэл мэдээлэл, олон нийт хариуцсан орон тооны нарийн бичгийн дарга О.Магнай өнөөдөр (2017.03.23) сэтгүүлчдэд мэдээлэл хийв. Чингис бондын эргэн төлөлттэй холбоотой асуудлыг хөндсөн тэрбээр:
-“Монгол Улсын Засгийн газар жилийн 5.75 хувийн хүүтэй байсан бондыг 8.75 хувийн хүүтэй бонд гаргаж төлсөн боллоо. Өрийг өрөөр төллөө. Зөв зүйл биш. Зөвхөн хүний зөрүүнд Монгол Улс 358 сая ам.доллар илүү төлөх тооцоо гарч байгаа.
Ж.Эрдэнэбатын Засгийн газар байгуулагдаад долоон сарын хугацаа өнгөрлөө, бодитой шийдвэр гаргасангүй. Өнгөрсөн хугацаанд хийсэн ажлаа “Субботник хийлээ” гэж Ерөнхий сайд өөрөө дүгнэсэн байна. Үүнд туйлын харамсаж байна. Ерөнхий сайд бодлого боловсруулах албан тушаалтан.
АН өнгөрсөн дөрвөн жилд эрх барьсныг тэр чиг нь өр тавьсан. МАН өрийг нь барагдуулж байгаа мэтээр ярьсан. АН Засгийн эрх барьж байхдаа 1.5 тэрбум ам.долларын Чингис бонд гаргасныг та бүхэн мэднэ. Үүний 500 сая буюу 30 хувийг цэвэр дэд бүтэц рүү оруулж, 21 аймгийг Улаанбаатар хоттой хатуу хучилттай авто замаар холбох төсөл хэрэгжүүлсэн. ТЭЦ-3-ыг өргөтгөж шинэчилсэн.
МАН-ын цэвэр халамжийн зорилгоор зээлсэн Оюутолгой, Эрдэнэт үйлдвэрийн зээлийг бүрэн барагдуулсан. Үүнийг өөрсдийн халамжийн бодлого болсон 21 мянган төгрөг тараасан мөнгөтэйгөө хольж хутган ярьж байгаад АН-ын зүгээс харамсаж байна. Цаашид МАН-ын амласан 2016 оны сонгуулийн амлалтаа биелүүлэхийн төлөө ажиллана гэдэгт итгэж байна” гэв.