Нью-Йоркийн Холбооны нөөцийн банкин дахь Бангладешийн Төвбанкны данснаас 81 сая долларыг хакерууд хулгайлсан хэрэг энэ онд гарсан юм. Гэмт хэрэгтнүүд уг мөнгийг Нью-Йорк дахь Холбооны нөөцийн банкаар дамжуулан Филиппин болон Шри-Ланк дахь данснууд руу шилжүүлсэн байна. Хакерууд дөрвөн удаагийн үйлдлээр дээрх мөнгийг гаргаж авсан бөгөөд тавдахь оролдлогоо хийж байх үед нь банкны ажилтан мэдэж хулгайг таслан зогсоосон байдаг. Үүний дараа тус банкны Ерөнхийлөгч албан тушаалаасаа огцорсон юм. Харин энэ хэрэгт АНУ-ын эрх баригчид Умард Солонгос холбоотой байж магадгүй хэмээн үзэж буйг “Тhe Wall Street Journal” сонин цахим хувилбартаа нийтэлжээ.
Сонинд бичсэнээр, Хятадын нэгэн иргэн хакер халдлага үйлдэхэд зуучилсан байж магадгүй гэж АНУ-ын прокурорууд үзэж байгаа бол Умард Солонгосын албаны хүмүүсийг буруутгах үндэслэл одоогоор алга байгаа аж.
Бангладешийн төв банкны хэргээс гадна 2014 онд “Sony Pictures” кино компани руу хийсэн кибер халдлага хоёр хоорондоо холбоотой гэсэн мэдээллийг кибер аюулгүй байдлын чиглэлээр ажилладаг хувийн компаниуд өгсөнийг АНУ-ын Хууль зүйн яам үндэслэлтэй гэж үзэж байгаа юм байна. Одоогоор дээрх хэргийг мөрдөн шалгаж байгаа аж.