Нийслэлийн Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Очир төв”-д 13 настай амь насаа алдсан хэргийн шүүх хурал өнөөдөр нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд болж өндөрлөлөө. Шүүхээс эл хэрэг гарсан зочид буудлын ажилтан, хуулийн этгээдийг хариуцагчаар татах нь зүйтэй гэж үзжээ.
Бага насны хүүхэд амь насаа алдсан тус газар нь архи согтууруулах ундаагаар үйлчилсэн, гэмт хэрэг гарах нөхцөл бүрдсэн гэх үндэслэлээр буруутгаад байна. Одоо уг хэргийг дахин нэмэлт мөрдөн байцаалтад ийнхүү буцаан шалгаж хэргийг нягтлахаар болсон аж.
Эл хэргийн анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг 2018.01.11-ний өдөр Баянзүрх дүүрэгт болсон. Тэрчлэн талийгаач охины хэрэгт сэжиглэгдэн, шалгагдаж буй Ж, А нарыг буруутай эсэхийг урьдчилсан хэлэлцүүлгээр тогтоогдсон нөхцөл байдлыг үндэслэн шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, нэмэлт мөрдөн шалгах ажиллагааг хийлгэхээр хэргийг прокурорт буцаасан. Үүнийг эс зөвшөөрч прокуророос өнгөрсөн нэгдүгээр сарын 24-ний өдөр прокурорын эсэргүүцэл бичсэн.
Талийгаач 13 настай М нь 2017 оны наймдугаар сарын 22-23-ны шилжих шөнө бусдын гарт харамсалтайгаар амиа алдсан юм.