ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Холбооны хуралд илтгэл тавьсан нь шинэ дээд амжилтуудыг тогтоожээ. Энэ онд тэрбээр бараг хоёр цаг үг хэлсэн байна. Ерөнхийлөгчийн илтгэлийн гуравны нэгээс илүү хувь нь батлан хамгаалах, аюулгүй байдлын салбарыг хамарсан бөгөөд үүндээ тэрбээр Оросын батлан хамгаалах шинэ цогцолбор боловсруулснаа танилцуулсан байна. Түүний хэлсэн онцлох үгсээс түүвэрлэн хүргэж байна.
Оросын замуудын талаар
“Хот суурингуудыг хөгжүүлэх, ажил хэргийн идэвхийг нэмэгдүүлэх, харилцаа холбоог хангахын тулд Оросын бүх газар нутгийг орчин үеийн харилцаа холбоогоор хэрэх шаардлагатай” хэмээн Путин онцолжээ.
Тэрбээр ойрын зургаан жилийн хугацаанд орост авто зам барих, тоноглох ажлын зардлыг хоёр дахин нэмэгдүүлэхийг уриалсан байна. “Бүхий л эх сурвалжаасаа 11 гаруй их наяд рублийг энэ зорилгодоо зарцуулах хэрэгтэй. Энэ бол маш их тоо” хэмээн ОХУ-ын төрийн тэргүүн хэлээд 2012-2017 онд энэ зорилгоор 6.4 их наяд рубль зарцуулсныг тэмдэглэсэн байна.
Бизнесийн тухай
Оросын бизнес орчин чанартайгаар сайжрахгүйгээр эдийн засгийн өсөлт гарах боломжгүйг сануулсан байна. “Гарааны бизнес эрхлэгчдээ дэмжиж, хүмүүс өөрийн ажлаа нэг товшилтоор нээхэд нь эхний алхам хийхэд нь туслах, интернэтээр зайлшгүй төлбөр хийх, үйлчилгээ авах, алсаас зээл авдаг болгох хэрэгтэй” хэмээн Путин ярьжээ.
Түүнчлэн тэрбээр зургаан хувийн хүүтэй бизнес эрхлэгчдийн зээлийн хөтөлбөрийг сунгахыг уриалсан байна. Үүнээс гадна Оросын Ерөнхийлөгч Оросын бизнесмэнүүд одоо ч гэсэн хэт их хяналт шалгалттай байдагт гомдоллодог гэдгийг дурдаад бизнест алсын зохицуулалтын систем нэвтрүүлэхийг уриалжээ.
Ипотекийн талаар
Путин ипотекийн зээлийн асуудлыг ч хөнджээ. “Хүн бүрт, гэр бүл бүрт өөрийн гэсэн орон гэр, сууц хэчнээн чухал болохыг ойлгож байна. Манай улсад энэ нь хэдэн арван жилээс хэдэн арван жил сунжирсан асуудлуудын асуудал болоод байна” хэмээн Ерөнхийлөгч хэлээд 2001 онд Орос даяар ердөө л 4000 зээлдэгчид зээл олгосон, хүү нь 30 хувь байсан талаар дурсчээ.
Хэдий тийм боловч энд мэдэгдэхүйц өсөлт гарчээ. “2017 оны арванхоёрдугаар сард рублийн дундаж хүү анх удаа 10-аас доош хувьд хүрсэн. Гэхдээ бидэнд цаашид ч дундаж хүүг бууруулж, 7-8 хувьд хүргэх шаардлага байна” хэмээн Путин тэмдэглэсэн байна. Тэрбээр ирэх зургаан жилд ипотек нь Оросын ихэнх гэр бүлд хүртээмжтэй болох ёстой гэж нэмж хэлжээ.
Эрүүл мэнд, экологийн тухай
Түүнчлэн тэрбээр хавдрын өвчлөлтэй тэмцэх үндэсний хэмжээний тусгай хөтөлбөрийг хэрэгжүүлж, өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт үед нь илрүүлэхэд онцгой анхаарч ажиллах санал гаргажээ.
“Бүх иргэн жилд дор хаяж нэг удаа чанартай урьдчилан сэргийлэх үзлэг орох бодит боломжийг хангаж өгөх хэрэгтэй. Орчин цагийн илрүүлгээр хөдөлмөрийн чадвартай насанд нас баралтыг бууруулах боломж бүрдсэн гэдэг эргэлзэхгүй байна” хэмээн ОХУ-ын төрийн тэргүүн мэдэгдсэн байна.
Путин түүнчлэн иргэд экологийн таагүй нөхцөлд амьдарвал эрүүл байна гэж яриад хэрэггүй гэжээ. “2019 оноос аж үйлдвэрийн 300 үйлдвэрт экологийн хамгийн сайн технологийг нэвтрүүлнэ” хэмээн амласан байна.
Иргэний барилгын талаар
Путин тав тухтай, орчин үеийн амьдрах нөхцөлийг бүрдүүлж, Оросын хот, тосгодыг шинэчлэх нь хэчнээн чухал болохыг онцолсон байна. “Манайх хотын орчин, дэд бүтцийг шинэчлэх амжилттай туршлага” хэмээгээд Казань, Владивосток, Сочиг жишээ татжээ. “Бид зарчмын хувьд үүнийг хийж сурсан” хэмээн Ерөнхийлөгч дүгнэлт хийжээ.
“Оросыг орон зайн хөгжлийн томхон хөтөлбөр гаргаж, хот, бусад сууринг хөгжүүлэх санал тавьж байна. Энэ ажилд ирэх зургаан жилд гаргах зардлыг хоёр дахин нэмэгдүүлнэ” хэмээн ОХУ-ын төрийн тэргүүн хэлсэн байна.
Сургуулийн сурагчдад мэргэжлийн чиг баримжаа олгох тухай
Оросын төрийн тэргүүн мэргэжлийн чиг баримжаа олгох орчин үеийн системийг улс орондоо хөгжүүлэхийг уриалсан байна.
“Хичээлийн шинэ жилээс “Ирээдүйн тасалбар” хэмээх сурагчдыг эрт үед нь мэргэжлийн чиг баримжаа олгох төсөл хэрэгжүүлэхийг санал болгож байна. Энэ төсөл нь хүүхдүүдэд ирээдүйн мэргэжлээрээ улсын томоохон компаниудад өөрийгөө сорьж үзэхэд туслах юм” хэмээн хэлээд энэ санаачилгад энэ жил нэг тэрбум рубль гаргах гэж байгааг онцолсон байна.
Шинжлэх ухааны тухай
Ерөнхийлөгч шинэ технологи, шинжлэх ухааны салбарын хөгжилд түлхэц үзүүлэх талаар их зүйлийг ярьсан байна. “Технологийн хөгжил нь суурь шинжлэх ухааны хүчирхэг баазад тулгуурагдах ёстой. Гатчин, Дубнд “мегасайнс” ангиллын орчин үеийн судалгааны байгууллын төслүүд аль хэдийнэ хэрэгжиж байна. Саяхан Шинжлэх ухаан, боловсролын зөвлөлд Новосибирскийн Академийн хотхонд хүчирхэг хурдасгуур, Москвагийн ойролцоох Протвинд шинэ үеийн хурдасгуур байгуулах шийдвэр гарсана” хэмээн Оросын тэргүүн онцолжээ.
Эдгээр төсөл нь Оросын судалгааны дэд бүтцийг дэлхийн хамгийн хүчирхэг, үр ашигтай болгоход дөхөм болгож чадна хэмээн тэрбээр санал бодлоо илэрхийлсэн байна. “Үүнийг ашигласнаар манай шинжлэх ухааны салбарынхан болон өндөр технологийн компаниуд өрсөлдөхүйц давуу талтай болж байгаа юм” хэмээжээ.
Ахмад үеийн болон тэтгэврийн талаар
ОХУ-ын төрийн тэргүүн Орос орон сүүлийн жилүүдэд дундаж наслалт нь эрчимтэй нэмэгдэж буй дэлхийн хамгийн өндөр үзүүлэлттэй улсын тоонд орж байгааг сэтгэл хангалуун тэмдэглэсэн байна. 2000 оноос хойш тус улсын хүн амын дундаж наслалт долоогоор нэмэгдэж, 73 болжээ.
“Дараагийн арван жилийн төгсгөлөөр Орос улс дундаж наслалт нь 80-аас дээш байдаг “80+” орнуудын клубт итгэл төгс орох ёстой” хэмээжээ.
Үүнтэй холбогдуулан Ерөнхийлөгч иргэдийн тэтгэврийн насны талаар дурджээ. “Бидний ёс суртахууны үүрэг бол улс орныхоо хөгжилд асар их хувь нэмэр оруулсан ахмад үеэ бүх талаар нь дэмжих юм. Хамгийн гол нь бид тэтгвэрийн хэмжээгээ нэмэгдүүлэх л хэрэгтэй” гэжэээ.
Мөнгөний эх үүсвэр болоод түүхий эдийн бус экспорт
Тэрбээр төлөвлөгдсөн бүхий л зүйлсээ амжилттай хэрэгжүүлэхэд их хэмжээний мөнгө хэрэгтэй гэдгийг хүлээн зөвшөөрч байлаа. Тиймээс эдийн засгийн хөгжилд томоохон эргэл хийх ёстой гэнэ.
“Улс орны, бүс бүрийн эдийн засгийн чадамжийг нэмэгдүүлэх нь нэмэлт нөөцийн гол эх үүсвэр юм. Ингэхийн тулд бидэнд дэлхийн өсөлтийн хурдцаас ч илүү эдийн засаг хэрэгтэй” хэмээн ОХУ-ын тэргүүн мэдэгджээ.
Ерөнхийлөгчийн үзэж буйгаар өсөлтийн гол эх үүсвэр нь үйлдвэрүүдийн хөдөлмөрийн бүтээмжийн өсөлт, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, бага, дунд бизнесийг хөгжүүлэх гэнэ. Үүнээс гадна ойрын зургаан жилд түүхий эдийн бус, эрчим хүчний биш экспортоо хоёр дахин нэмэгдүүлж, 250 тэрбум ам.долларт хүргэх шаардлагатай гэж Путин хэлжээ. “Машин байгууламжийн бүтээгдэхүүний нийлүүлэлтээ 50 тэрбум ам.долларт хүргэх хэрэгтэй. Боловсрол, анагаах ухаан, аялал жуулчлал, тээврийн үйлчилгээний жил бүрийн экспортоо 100 тэрбум ам.долларт хүргэх ёстой” хэмээн Ерөнхийлөгч тоочжээ.
Аюулгүй байдлын талаар
Хэдийгээр батлан хамгаалах, аюулгүй байдал Ерөнхийлөгчийн Холбооны хурлын үеэр хөндсөн хамгийн сүүлчийн сэдэв байсан ч хамгийн шуугиан тарьсан илтгэл боллоо. Тэрбээр хагас цаг гаруйн хугацаанд Оросын стратегийн зэвсгийн шинэ системийн талаар ярьсан байна. Үүнд тив алгасагч хүнд пуужин болох “Сармат” цогцолбор, “Кинжал” агаарын пуужингийн цогцолбор, тэр ч бүү хэл лазерын цогцолборын талаар ярьжээ. Ерөнхийлөгч энэ үеэр видео бичлэг үзүүлж, тайлбарлаж байв.
“Бид хэн рүү ч халдаж, ямар нэгэн зүйлийг нь булаан авах гээгүй ээ. Манайд өөрсдөд нь бүх зүйл байна” хэмээн Путин хэлсэн байна. Гэхдээ Москвагийн тэвчээр аль хэдийнэ дууссан гэдэг нь Ерөнхийлөгчийн илтгэлийн энэ хэсгийн гол агуулга байлаа.
АНУ пуужингийн эсрэг хамгаалалтын гэрээнээсээ дангаараа гарч, энэ системийг АНУ-ын газар нутаг төдийгүй хилийн чанадад ч байршуулсны хариуд Орос зэвсгийнхээ хүчин чадлыг нэмэгдүүлэхээс өөр аргагүй байгаагүй гэдгийг Путин нэг бус удаа онцлон хэлсэн юм. “Биднийг хэн ч сонсоогүй. Харин одоо сонсоорой” хэмээн Путин шинэ зэвсгээ үзүүлсний дараа үгээ дуусгажээ. Тэрбээр зэвсэг боловсруулсан хүмүүстээ талархал илэрхийлээд “Тэд бүгд манай үеийн жинхэнэ баатрууд” хэмээсэн байна.
3 comments
Үнэхээр гайхалтай удирдагч. Манайд нэг ийм хүн гараад ирдэггүй юм болов уу. Жинхэнэ эх оронч байсан Ю. Цэдэнбал даргыгаа мөн ч их санаж байна даа. Өөрийгөө улс эх орон, ард түмнийхээ сайн сайхны төлөө бүрэн зориулсан хүн.
Путиныг ерөнхийлөгчөөр, хятадын Ши Жинь Пинийг ерөнхий сайдаар, Хойд Солонгосын Ким Чин Уныг хууль зүйн сайдаар монголд 1 жил ажиллуулахад монгол дороо өндийгөөд төр цэвэршээд ирнэ дээ гэж нэг нөхөр хошигносон байсан. Өнөөдөр монголын төрд өнгө мөнгө хөөсөн хоосон толгойтой урвагчид байгаа учраас улс орон ийм нөхцөлд байгаа. Бас амиа хичээсэн, өнгө мөнгө, намын мөр хөөсөн усан толгойтой тэднийг сонгож л байдаг ард түмэнд бас их учир бий. Америкчуудын зохиосон ардчилал гээч үлгэрт хүүхэд шиг итгэчихсэн нэгэн үе байна.
YRONHIIDOO ZOV BOLOVCH MONGOLCHUUD DELHIIN DUNDAJ HURDNAASCH ILUU OYUN UHAANI CHADAMJAA NEMEGDUULVEL HOGJLIIN GARTS YUM SHIG SANAGDAH YUMDAA