ИНЕГ-ын Агаарын навигацийн бодлого, зохицуулалтын хэлтсийн дарга Ё.Эрдэнэбаттай ярилцлаа.
-Манай улс агаарын замаа чиг шулуун болгоод жилийнхээ ойтой золгож байна. Цаг хугацаа, шатахуун зарцуулалт хэмнэх зэргээр авиа компаниудад өгөөжтэй. Харин иргэний нисэхийн салбарт ямар үр дүн гарав?
-Өнгөрсөн онд агаарын замыг шулуутгасан нь Үзүүлэлтэд тулгуурласан навигаци буюу PBN төслийн II үе шат хэрэгжсэнтэй холбоотой юм. Энэ ажлын хүрээнд манай улсын агаарын орон зай дахь олон улсын агаарын долоон замыг шулуутгасан. Ингэснээр Монгол Улс нь Үзүүлэлтэд тулгуурласан навигацийн 10 агаарын замтай болж агаарын тээвэрлэгч нарт нислэгийн цаг хугацаа, түлш зарцуулалтад эерэг нөлөө үзүүлж эхэлсэн.
Үр дүнд нь Монгол Улсын агаарын зайгаар дамжин өнгөрөх нислэгийн тоо нэмэгдлээ. Гэхдээ агаарын замыг шулуутгасны бүрэн үр дүн хараахан гүйцэд гараагүй байна. Хоёр хөрштэй нэгдмэл агаарын замыг шулуутгасан сүлжилд орж байж жинхэнэ утгаараа цогц ажил болох юм.
Ойрын хоёр жилд БНХАУ, ОХУ-ын үзүүлэлтэд тулгуурласан навигацийг хэрэгжүүлэх төсөл явагдаж байна гэж ойлгож байгаа. Хөрш орнуудтайгаа чиг шулуун агаарын замаар холбогдсоноор бүрэн үр дүн гарна. Өнгөрсөн жилийн байдлаар өнгөрөлтийн нислэгийг нэмэгдүүлэх олон ажил хийсний нэг нь энэ үзүүлэлтэд тулгуурласан навигаци юм.
-Агаарын замыг шулуутгаснаар дамжин өнгөрөх нислэгийн тоо нэмэгдэж, тэр хэрээр улсын төсөвт оруулж буй орлого өссөн байх. Агаарын тээвэрлэгч нарын төлбөрт өөрчлөлт орсон уу?
-Тойруу замыг дөт болгох нь агаарын тээвэрлэгч нарт эерэг нөлөөтэй. Гэхдээ агаарын туулах зам багассанаар навигацийн үйлчилгээ үзүүлж буй байгууллагад алдагдалтай, үйлчилгээний хураамжаас орлох орлого багасах тооцоо байсан. Тиймээс хамгийн гол зарчим нь хөрш хоёр улстайгаа агаарын замыг шулуутгах ажлыг хийж илүү дөт болгосноор нислэгийн тоог улам нэмэгдүүлэх боломжтой байгаа юм.
Олон улсын иргэний нисэхийн байгууллагаас хөрш зэргэлдээ байгууллагатайгаа хамт хэрэгжүүлээд явах төлөвлөгөө гаргасан ч манайх хугацаандаа хэрэгжүүлсэн. Хоёр хөрш хэрэгжүүлээгүй учраас эсрэгээрээ навигацийн үйлчилгээ үзүүлсний төлбөр буурах судалгаа гараад байсан нь тэр. Ойролцоогоор долоон хувиар буурах хандлагатай байсан юм. Тиймээс ИНЕГ шаардлагатай арга хэмжээг авсан.
Агаарын тээвэрлэгч нарт хэрэгтэй ажил хийсэн ч нөгөө талаас бид алдагдал хүлээж болохгүй. Үүний тулд навигацийн хураамж бодох аргачлалыг шинэчлэн боловсруулсан. Өөрөөр хэлбэл, навигацийн хураамжийг нэмэгдүүлэхгүйгээр бодох аргачлалыг өөрчилсөн. Өмнө нь зөвхөн агаарын хөлгүүдийг зургаан төрөлд хувааж төлбөр авдаг байсан бол одоо 16 төрөл болгож нэмсэн.
Үр дүн нь жилийн эцэст нислэгийн тоо 12 хувиар өсөж, навигацийн үйлчилгээний төлбөр 50-аад тэрбум төгрөгөөр нэмэгдсэн үзүүлэлт гарсан. Навигацийн хураамжийг дураараа өөрчилдөг юм биш. Олон улсын иргэний нисэхийн агаарын тээвэрлэгчдийн холбоотой удаа дараа уулзалт хийж, санал тавьснаар агаарын тээвэрлэгч нарт хүлээн зөвшөөрүүлсний үндсэн дээр шинэчилсэн.
-Хураамж бодох аргачлалыг өөрчилж орлого нэмэгдсэн гэхээр төлбөр ямар нэг байдлаар нэмэгдсэн гэсэн үг үү?
-Агаарын хөлгийн төрлөөрөө цөөн хуваагддаг байсныг илүү нарийвчилсан буюу бодох аргачлалыг илүү боловсронгуй болгосон гэсэн үг. Нэг төрлийн онгоцтой байсан агаарын тээвэрлэгч нарт өөрчлөлт гарахгүй. Жишээлбэл, Боинг 747 гэсэн төрөл байсан бол дотор нь Боинг 747-400, Боинг 747-300, 200 гэж задлахаар авиа компани болгонд харилцан адилгүй.
Үр дүнд нь навигацийн орлого нэмэгдэж байгаа юм. Навигацийн хураамжийг автоматаар нэмээгүй учраас зарим авиа компани нэмэгдээгүй, зарим нь нэмэгдсэн гэсэн үг. Түүнээс төлбөр нэмнэ гэвэл агаарын тээвэрлэгчид тойроод нисэх учраас тэдэнтэй зайлшгүй зөвшилцөх шаардлагатай.
-Өмнөх жилүүдтэй харьцуулахад нислэгийн тоо хэр нэмэгдсэн бэ?
-2012 оноос хойш агаарын навигацийн үйлчилгээ дэвшингүй хөгжилд хүрч байна. Нислэгийн хөдөлгөөн удирдлагад ажиглалтын систем ашигладаг болсон. Энэ нь илүү баталгаатай, найдвартай удирдлагаар хангаж байна гэсэн үг. Мөн 2016 оны аравдугаар сард Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл болон ИНЕГ-ын тэргүүн дэд дарга Б.Алтанцомоор ахлуулсан өнгөрөлтийн нислэгийг нэмэгдүүлэх ажлын хэсэг гарсан.
Ази, Европт нислэг үйлдэж буй авиа компаниудтай уулзалт хийх ажлуудыг хийсний үр дүнд 4-5 компанийн тогтмол нислэг нэмэгдсэн. Өнгөрөлтийн нислэгийг нэмэгдүүлэхийн тулд олон ажил хийж байна. Энэ тал дээр бидний өрсөлдөгч бол Казакстан улс. Ази, Европыг чиглэсэн нислэгийн дийлэнх хувь нь манай хоёр улсын дээгүүр өнгөрдөг.
2016 онд өнгөрөлтийн нислэг 99,210 байсан бол 2017 онд 110,970 болж нэмэгдсэн. Монгол Улсын нутаг дэвсгэр дээгүүр дамжин өнгөрөх өнгөрөлтийн нислэгийн тоог анх удаа 100 мянгад хүргэсэн. Тойрдог байсан нислэгүүд нэлээдгүй буурсан зэрэг ахисан үзүүлэлтүүд бий. Түүнчлэн ИНЕГ-аас Монгол Улсын агаарын зайд нислэг үйлдэх зөвшөөрөл өгдөг дүрэм журмыг өөрчилж аль болох богино хугацаатай, шуурхай болголоо.
Ази, Европыг чиглэсэн нислэгийн 50 гаруй хувь нь манай улсын нутаг дэвсгэр дээгүүр өнгөрч байна. Олон улсын иргэний нисэхийн байгууллагаас аюулгүй байдлыг нэгдүгээрт тавьж, үйлчилгээндээ анхаар гэсэн шаардлага тавьдаг. Тиймээс алсыг харсан зөв бодлого төлөвлөлт хийж байж нэмэгдүүлдэг.
-Зам, тээврийн хөгжлийн сайд сар шинийн өмнөхөн урд хөршид айлчлахдаа агаарын нэг хаалгыг нэмж нээхээр ярилцсан байсан. Хэзээ ажил хэрэг болж, Монголд ямар үр өгөөж авчрах бэ?
-Монгол Улс агаарын орон зайгаар зөвхөн Хятад, Оростой хиллэдэг. Хойд хөрштэй ес, урд хөрштэй зургаан агаарын хаалгаар хиллэж байна. Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ БНХАУ-д айлчлахдаа агаарын шинэ хаалгыг хэзээ нээх асуудлыг ярьж тохиролцоонд хүрч чадсан. 2016 оноос хойш шинэ хаалга нээх асуудал яригдаад өнөөдрийг хүрсэн байсан.
Харин цагаан сарын өмнө Зам, тээврийн сайд тэргүүтэй ИНЕГ-ын удирдлагууд Бээжинд Хятадын иргэний нисэхийн байгууллагын удирдлагуудтай уулзан ажлыг эрчимжүүлж агаарын хаалгыг нээх талаар шийдэлд хүрч чадлаа. Үр дүнд нь Говь-Алтай аймгийн Цээл сумтай хиллэсэн агаарын шинэ хаалгыг ирэх зургаадугаар сард нээх ажлыг эцэслэх зорилт тавьж байна. Агаарын шинэ хаалга нээгдсэнээр Хятадын Хайлаар-Манжуураас Үрүмчи рүү чиглэсэн Хятадын бүс нутгийн нислэгийг Монгол Улсын агаарын замаар дамжин өнгөрүүлэх юм.
Сайдын айлчлалын хүрээнд мөн Хятадын иргэний нисэхийн дэд даргатай уулзаж нислэгийн урсгал төлөвлөлтийг хамтарч хийх талаар ярилцсан байгаа. Хоёр хөрштэйгөө нислэгийн хөдөлгөөн удирдлагын төлөвлөлтийг хамтарч явуулбал манай улс жинхэнэ гол тоглогч болж чадна. Үүнд анхаарал хандуулж түлхүү ажиллахыг зорьж байна. ИНЕГ-аас гаргасан стратеги төлөвлөгөөн дээр нислэгийн урсгал төлөвлөлтийг гүйцэтгэхдээ хоёр хөрштэйгөө нэгдмэл бодлоготой байхыг тусгасан.
-Манай улсын агаарын навигацийн үйлчилгээ олон улсад хэр үнэлэгддэг вэ. Нисэхийн мэдээллийн үйлчилгээний чиглэлээр бусад орон манайхаас ирж сургалт авдаг болсон гэж сонссон юм байна?
-Агаарын навигацийн үйлчилгээ гэдэг бол нислэгийн хөдөлгөөн удирдлага, техник хангалт, нисэхийн мэдээллийн үйлчилгээ, нислэгийн журам боловсруулалтын үйлчилгээ, нислэгийн оношилгоо хэмжилзүйн лаборатори гэсэн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Агаарын навигацийн бодлого, зохицуулалтын хэлтэс энэ таван чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа нэгжүүдийг мэргэжлийн удирдлага болон бодлого төлөвлөлтөөр хангаж ажилладаг юм.
Агаарын навигацийн үйлчилгээ жил ирэх тусам хөгжиж яваа. Олон улсын агаарын тээвэрлэгчдийн холбооноос өнгөрсөн хоёр жилийн ажлын үр дүнг саяхан хэлэлцсэн. Ази номхон далайн агаарын тээвэрлэгчдийн холбооны дэд тэргүүн ирэхдээ “Өнгөрсөн жил Монгол Улсын агаарын навигацийн үйлчилгээ агаарын тээвэрлэгч нарт ямар нэг дутагдал зөрчилгүйгээр үлгэр жишээ ажиллалаа” гэдгийг тэмдэглэсэн.
Мөн манай Нисэхийн мэдээллийн үйлчилгээний алба Ази, номхон далайн бүсдээ манлайлагчдын эгнээнд явж байна. Сүүлийн 5-7 жилийн хугацаанд өндрөөр үнэлэгдэж байгаа. Өнгөрсөн жил нисэхийн мэдээллийн үйлчилгээний талаар туршлага судлахаар 2-3 орон манайхыг зорьж ирлээ. Олон улсын нисэхийн мэдээллийн үйлчилгээний сургалтын хөтөлбөрийн дагуу ИНЕГ-ын Сургалтын төв, Нисэхийн мэдээллийн үйлчилгээний алба хамтран зохион эх орондоо олон улсын сургалт зохион байгуулсан. Ойролцоогоор 4-5 орны 10 гаруй хүн оролцлоо.
Цаашид агаарын навигацийн үйлчилгээний гол цөм болсон нислэгийн хөдөлгөөн удирдагчийн чиглэлээр төрөлжсөн хэлбэрээр сургалт явуулахыг зорьж байна. Жил бүр нислэгийн тоо нэмэгдэж байгаа. Тэр хэмжээгээр агаарын навигацийн үйлчилгээний чанар, хариуцлага илүү өндөр төвшинд тавигдаж байна.
-Бусад улсын мэргэжилтнүүд сургалт авна гэдэг манайхны ур чадвар өндөр байгааг харуулж байна. Гэхдээ нислэгийн тоо нэмэгдэх, техник технологийн хөгжлөөс эхлээд манайх ч мөн ажилтнуудаа мэргэшүүлж, чадавхжуулах шаардлага тулгардаг байх?
-Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сургалтыг хийхийн тулд ИНЕГ-ын Сургалтын төв Олон улсын иргэний нисэхийн байгууллагаас сургалт хийх эрх авсан байх ёстой. Манайх эрхээ өнгөрсөн жил авсан. Үүний дагуу анх удаа нисэхийн мэдээллийн үйлчилгээний сургалтыг хийлээ шүү дээ. Энэ чиглэлийн давтан сургах, мэргэшүүлэх, хөгжүүлэх сургалтыг явуулах талаар судалж байна.
Сургалтын байгууллага, сургагч багш нар сайн байх ёстой. Нисэхийн мэдээллийн үйлчилгээний албаны хоёр мэргэжилтэн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн багшлах эрхийг авсан байгаа. Цаашид энэ чиглэлийн сургалтыг хийснээр боловсон хүчнээ давтан сургах, ажлын байран дээр чадавхжуулах боломж нээгдэнэ. Бүс нутгийн хэмжээнд хөрш орнуудтай сургалт зохион байгуулах боломж нээлттэй байгаа.
Нислэг нэмэгдэж байгаа байдал, техник технологийн хөгжил гээд цаг үеийн хөгжил дэвшлийг дагаад нарийн мэргэжилтнүүдийг олон улсын сургалтад хамруулдаг байх асуудал үнэхээр чухал. Ялангуяа, нислэгийн хөдөлгөөн удирдагчдын сургалтыг онцгой анхаарах ёстой. Ур чадварыг нь дээшлүүлэхгүйгээр ачааллыг нь нэмээд байвал эрсдэлтэй. Нислэгийн хөдөлгөөн удирдагчийн нэг буруу үг том үр дагавар дагуулж байдаг.
Өнгөрөлтийн нислэгийн тоог нэмэгдүүлнэ гэж байгаа бол нислэгийн ачаалал ихтэй улс орны боловсон хүчин ямар байдгийг харж суралцах ёстой. Мөн тоног төхөөрөмжийн найдвартай ажиллагааг хангах нь чухал. Тиймээс энэ жилээс БНХАУ-д нислэгийн хөдөлгөөн удирдагчдыг сургалтад хамруулах ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байна.
Нисэхийн бүх үйлчилгээний үр дүн агаарын орон зайд нислэгийн хөдөлгөөн удирдагчийн ажил, ур чадвараар үнэлэгддэг. Нислэг нэмэгдэж байгаагийн цаана боловсон хүчин, техник төхөөрөмж бэлэн эсэх яригдана. Ер нь бусад орны навигацийн үйлчилгээний хураамж боловсон хүчнийхээ мэдлэг чадварыг дээшлүүлэх, тоног төхөөрөмжөө сайжруулах, чадварт нь таарсан цалин хөлс өгөхөд чиглэгддэг юм билээ. Нислэгийн хөдөлгөөн удирдагчаар дамжуулж аюулгүй байдал хангагдаж байгаа учраас дэлхий нийтээр анхаардаг.
-Хөшигийн хөндийн нисэх буудал ашиглалтад орсноор агаарын навигацийн хөгжилд ямар өөрчлөлт авчирна гэж харж байна вэ?
-Бид гэрэл, гэгээтэйгээр харж, бодож төлөвлөж байна. Шинэ нисэх буудал ашиглалтад орсноор нислэгийн тоо нэмэгдэхээс гадна агаарын тээврийн зангилаа төв болох зорилт биелнэ гэж харж байгаа. Нисэх буудлын хувьд үсрэнгүй хөгжил гарч байна. Харин агаарын навигацийн үйлчилгээний хувьд үйлчилгээг чанартай үзүүлэх, агаарын зай, хариуцлагын бүсүүд хэрхэн өөрчлөгдөхийг төлөвлөж дуусаж байна. Мэдээж багагүй өөрчлөлт, дэвшил гарна.
Хөшигийн хөндийн нисэх буудалд хоёр чиглэлээр нислэг үйлддэг, буудаг байх боломжоор агаарын тээвэрлэгч нарт таатай нөхцөлийг бүрдүүлж байна. Агаарын орон зайн нислэгийн журмыг өндөр төвшинд боловсруулах ажилд Японы зөвлөх компанитай хамтран ажиллаж байна. Ерөнхийдөө нислэгээр шалган баталгаажуулах ажил л үлдсэн. Сургалт боловсон хүчний орон тооноос бусад бэлтгэл ажил дууссан гэж ойлгож болно.
-Одоо агаарын навигацийн үйлчилгээнд дэвшил авчрах томоохон ямар ажлууд хийхээр төлөвлөж байна вэ?
-Энэ онд хийх том ажил бол Хөшигийн хөндийн нисэх буудал ашиглалтад орохтой холбоотойгоор агаарын навигацийн үйлчилгээний ажлыг цогцоор нь хийнэ. Агаарын зайн сектор хуваарилалтыг шинэчилнэ.
Энэ оны зургаадугаар сараас ажиглалтын бүрхэлтэд ордоггүй хэсгийг удирдах боломжтой болгож ажиглалтын системийг нислэгийн удирдлагын зайчлалд ашиглахаар ярьж байна. Ингэснээр техникийн найдвартай ажиллагаа дээшилж, Монгол Улсын нийт агаарын зайгаа харах, удирдах, нислэгийн хөдөлгөөний найдвартай ажиллагаа нэмэгдэнэ.
Эх сурвалж: