Оросын Ерөнхийлөгч Владимир Путин Сирийн Зүүн Гутад “хүмүүнлэгийн завсарлага”-ын дэглэм оруулах захирам гаргажээ. Энэ нь хоёрдугаар сарын 27-ноос эхлэн Сирийн арми босогчдын хяналтад байгаа дүүрэгт 9-14 цаг хүртэл халдлага хийхгүй гэсэн үг.
Зүүн Гута Сирийн агаарын цэргийнхний бөмбөгдөлтөд өртөөд долоо хонож буй юм. Ашгийн төлөө бус байгууллагуудын мэдээлснээр энэ хугацаанд бөмбөгдөлтөд энгийн номхон хэдэн зуун иргэн өртсөн байна. Албан бус мэдээллүүдээс үзэхэд 335-540 хүн амиа алдсан байж болзошгүй байна.
Даваа гарагт Оросын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу энгийн номхон иргэд хохирч үлдэж байгааг зогсоох зорилгоор “хүмүүнлэгийн завсарлага” авах шийдвэр гаргаснаа зарласан байна. Түүний хэлснээр Гутагаас дүрвэгсдэд зориулсан хүмүүлэгийн коридор гаргаж байгаа гэнэ. Гэхдээ яг аль цэгт ийм коридор гаргаж байгааг дараа нь зарлах юм байна.
НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс Зүүн Гутад гал зогсоох тогтоолыг өнгөрсөн бямба гарагт гаргасан боловч хүний эрхийг хамгаалагчид энэхүү тогтоолыг зарласнаас хойш хэдхэн цагийн дараа Сирийн арми шинээр бөмбөгдсөн гэжээ.
Зүүн Гута бол Сирийн нийслэлтэй ойр оршдог бөгөөд босогчдын хяналтад үлдсэн хамгийн сүүлчийн томоохон дүүрэг юм. Энэ хотод 339 мянга орчим энгийн номхон иргэн үлдээд байна. Тус дүүрэгт даваа гарагийн байдлаар ч гал намжаагүй байгаагүй бөгөөд “цагаан дуулгатнууд”-ын мэдээлснээр агаарын цохилтын улмаас есөн энгийн иргэн амиа алдсан гэнэ. Мөн мониторингийн нэгэн группийн мэдээлснээр нэг гэр бүлийн гишүүд бүгд амиа алдсан гэжээ.
Харин тус хотын эмнэлгүүдийг хяналтдаа байлгадаг Эрүүл мэнд, сайн үйлсийн байгууллагуудын холбоо UOSSM-ийн мэдээлснээр доод тал нь 20 энгийн номхон иргэн нас барсан гэжээ.