Энэ сарын 25-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин суманд хүн амины ноцтой хэрэг гарчээ. Албан бус эх сурвалжийн мэдээлснээр, тухайн өдөр цагдаагийн хоёр албан хаагч, тус сумын МХЕГ, ОБЕГ-ын ажилтан нарын дөрвөн хүн нийлж цагдаагийн албан хаагчийн амь насыг хохироосон байна.
Тэд тухайн өдөр ажлаа тараад тавуулаа нийлж архидан согтуурсан бөгөөд энэ үеэрээ хоорондоо маргалдаж, нэгнийхээ аминд халдсан аж. Гэсэн ч уг хэргийг цагдаагийн байгууллага болон холбогдох байгууллагын удирдлагууд нууж байгаа гэх мэдээллийг эх сурвалж өгч буй юм.
Өнгөрсөн мягмар гаригийн өглөө нийслэлээс хэргийн газар руу цагдаа болон холбогдох байгууллагын албан хаагчдаас бүрдсэн ажлын хэсгийн баг бүрэлдэхүүнийг илгээсэн байна.
Уг хэргийн талаар Цагдаагийн ерөнхий газрын хэвлэлийн төлөөлөгчөөс тодруулахад “Ийм мэдээлэл ирээгүй” гэх хариу өгсөн юм. Тиймээс Өвөрхангай аймгийн Хархорин сумын Цагдаагийн ерөнхий газар руу залгаж, өдрийн /02 дугаар сарын 27/ жижүүрийн үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн албан хаагчтай холбогдсон ч тэрээр дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзсан юм.
-Танай суманд энэ сарын 25-ны өдөр цагдаагийн албан хаагч дөрвөн хүний гарт амиа алдсан хэрэг гарсан талаар албан бус эх сурвалж мэдээлсэн юм. Та энэ талаар мэдээлэл өгөхгүй юү?
-Шалгагдаж байна. Тийм хэрэг болсон үгүйг бид мэдэхгүй байна.
-Энэ өдөр хүн амины хэрэг гарсан уу?
-Мэдээлэл өгөх боломжгүй байна. Хэргийг шалгаж байгаа үед мэдээлэл өгдөггүй юм.
Өвөрхангай аймгийн Хархорин сумын Засаг дарга Л.Энхбаттай холбогдож дээрх хэргийн талаар тодруулахад “Энэ хэргийн талаар мэдээлэлгүй байна. Тийм хэрэг болоогүй” гэв.
Албан бус эх сурвалжийн хэлснээр, хэрэгт холбогдоод буй хоёр цагдаагийн албан хаагч болон Хахорины МХЕГ, ОБЕГ-ын хоёр албан хаагч нар нь амиа алдсан цагдаагийн албан хаагчтай бүгд шүлхийн голомтод ажиллаж байсан аж. Уг хэргийг санаатай болон санаандгүй байдлаар үйлдсэн эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа юм.
Цагдаа, онцгой байдал, мэргэжлийн хяналтын байгууллагын нэр хүндийн асуудал яригдах тул уг хэргийг газар авахуулахгүйгээр, хав дараад байгаа бололтой. Хүний алтан амь хөнөөсөн хэн ч шударга үнэнд гүйцэгдэж, хуулийн дагуу шийтгэгдэх нь зүй. Гэвч энэ хэргийг дарагдаад өнгөрөх вий гэсэн хардлага хэн хүнд төрөх нь дамжиггүй юм.
Эх сурвалж: Medee.mn