Францын нийслэлийн бүсийн эрх бүхий 50 албан тушаалтан хөлдөж буй орон гэргүйчүүдэд анхаарал хандуулахын тулд ойрын энэ хүйтэн өдрүүдэд гудамжинд бүтэн шөнийг өнгөрөөхөөр болжээ. Энэхүү санаачилгыг департамент дахь Этамп нэгдлийн даргын орлогч Эсон Мама Си “Facebook” хуудсандаа гаргажээ. Си “Өнгөрсөн жил толгой хоргодох байргүй 500 орчим хүн гудамжинд нас баржээ. 2018 он гарсаар зөвхөн Парист л сар хагасын дотор 13 хүн нас барлаа. Ард түмний сонгосон 50 орчим хүн хоёрдугаар сарын 28-ны лхагва гарагт Аустерлицийн вокзалын ойролцоо гадаа хонох болно” гэж бичжээ.
Францын нийслэл хоёрдугаар сарын дундуур “Эв санааны шөнө” арга хэмжээ зохион байгуулагдаж, орон гэргүй хүмүүсийн тооллого хийгдсэн юм. Арга хэмжээг зохион байгуулагчдын мэдээлснээр Парисын гудамжуудад 5000 орчим орон гэргүй хүн амьдардаг байна. Тэдний зарим хэсэг нь өвлийн цагт асрамжийн байранд ордог аж. Гэсэн ч 3000 орчим хүн толгой хоргодох түр ч байргүй аж төрж байна.
Энэхүү арга хэмжээг зохион байгуулсан гол шалтгаан нь Газар нутгийн нэгдлийн яаман дахь төрийн нарийн бичгийн дарга Жюльен Денормандигийн хэлсэн үгтэй холбоотой. Тэрбээр Иль-де-Франс бүсэд 50 хүрэхгүй орон гэргүй хүн байгаа гэжээ. Сүүлд нь төрийн нарийн бичгийн дарга асрамжийн газрын хүрэлцээгүй хүмүүсийн тоог хэлсэн гэж залруулсан байна.
Францад хоёрдугаар сарын 27-ны мягмар гараг энэ өвлийн хамгийн хүйтэн өдөр болжээ. Өнгөрсөн долоо хоногоос эхэлсэн энэхүү хүйтрэлийн улмаас цагаарын хэм хасах градусыг зааж, хэдхэн хоногийн дотор орон гэргүй гурван хүн хөлдөж нас баржээ.