Өнөөдөр Дэлхийн усны өдөр. Дэлхий нийтээрээ жил бүрийн энэ өдрийг (гуравдугаар сарын 22) “Усны өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Дэлхийн гадаргын 70 хувийг ус бүрхдэг ч нийт усны зөвхөн нэг хувь нь ундны усанд тохиромжтой. 2020 он гэхэд дэлхийн долоон тэрбум хүний 47 хувь нь цэвэр усны хүрэлцээгүй нөхцөлд амьдарна гэсэн Олон улсын байгууллагуудын тооцоо бий.
Манай улсын усны нөөц 608.000 сая шоо метр. Үүний 34.600 саяыг нь гол, мөрний ус, 500.000 саяыг нуур, 62.900 саяыг мөнх цас, мөсөн гол, 10.800 сая шоо метрийг газрын доорх усны нөөц бүрдүүлдэг бол энэ усны нийт нөөц нь дэлхийн усны нөөцийн 0.0004-хөн хувийг бүрдүүлдэг. Энэ бол мэргэжлийн байгууллагуудын сүүлийн 40 жилд хийсэн судалгааны мэдээлэл юм. Сүүлийн жилүүдэд цаг агаарын дулаарлаас болж усны нөөц мөн хомсдох болсон нь үндэстэн хооронд зөрчил гарч болзошгүйг эрдэмтэд анхааруулж байгаа юм.
Зөвхөн Төв азидаа “усны цамхаг” гэгддэг Тяньшаний мөсөн голууд татрах болсныг Хятадын Шинжлэх Ухааны Академийн вэб хуудаснаа нийтэлсэн байна. Гэтэл Тяньшани нь 10,000 орчим уулын голтой. Тэдгээрийн ихэнхийн ус татарч байгаа аж. 1960-2000 оны хооронд усны хэмжээ нь 15-20 хувь багассан байна. Харин сүүлийн 10 жилд усны нөөц нь жил бүр 223 сая шоо метрээр хорогдож байгааг Хятадын ШУА-ын Өрөмч хот дахь Шинжааны Экологи, Газарзүйн Хүрээлэнгийн профессор Чэн Янинь баталж байна. Эндээс усан хангамжийн хамааралтай улсуудад Узбекистан, Киргизистан, Казахстан болон Хятадын Шинжаан багтдаг юм.
Төв Ази бол далайгаас хол, хуурай уур амьсгалтай бүс нутаг бөгөөд хамгийн том, өндөр уулс нь Тяньшаний нуруу. 2,500 км урт, 350 км өргөн энэхүү нуруунаас улирлын чанартай үүсдэг цас, мөсний ус нь Төв Азийн ихэнх гол мөрний эх болдог гэнэ.
Өнөөдөр дэлхийн ажлын байрны тэн хагас буюу 1.5 тэрбум хүн устай холбоотой ажил үйлчилгээ эрхэлдэг, өөрөөр хэлбэл бараг бүх ажлын байранд ус хэрэглэж, тэдгээрт чанартай, аюулгүй усан хангамжийн асуудал нэн тэргүүнд тавигдаж байгаа юм.
Б.ЯРУУ