Баруун аймгуудын нутгаар өчигдрөөс эхлэн их хэмжээний цас орсны улмаас Увс аймгийн Улаангом сумын Баянхайрхан багийн “Хэрцийн-Овоо” гэдэг газраас иргэн О, иргэн Р нар өчигдөр буюу өдрийн 08:00 цагт мал тууж авчирахаар яваад сураггүй болсон, мөн аймгийн Тариалан сумын Бургастай багийн “Шар бүрдийн хөдөө” гэдэг газар иргэн Я-гийн 10-15 насны 3 хүүхэд 22:30 цагт малтайгаа шуурганд уруудаж төөрсөн, Өмнөговь сумын Холбоо багийн “Орломт толгой” гэдэг газар гурван иргэн амаржих гэж байна гэсэн дуудлагаар 2017.03.21-ний өдрийн 14:40 цагт сумаас гарсан сум дундын эмнэлгийн их эмч Д, жолооч А нар Трайл загварын суудлын автомашинтай яваад сураггүй болсон талаар өмнө мэдээлсэн.
Өнөөдөр эрэн хайх багийнхан Увс аймгийн Улаангом сумын Баянхайрхан багийн “Хэрцийн-Овоо” гэдэг газраас мал тууж авчирахаар яваад сураггүй болсон иргэн О /33 настай, эрэгтэй/, Р /50 настай, эрэгтэй/ нарыг эсэн мэнд олж, ар гэрт нь хүлээлгэн өгсөн байна. Мөн Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын 1 дүгээр багийн “Хаш” гэдэг газраас сумын төв орохоор мотоцикльтэй гарч яваад сураггүй болсон гэх иргэн С /50 настай, эрэгтэй/-ийг эсэн мэнд оллоо гэж ОБЕГ-аас мэдээллээ.