Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр 22-р хороонд байрлах Монелийн 30 дугаар гудамжны …тоотод гэр бүлийн дөрвөн хүн гэртэйгээ шатаж нас барсан хэрэг энэ сарын 21-нд гарсан. Гал юунаас болж гарсан нь одоогоор тодорхойгүй байна. Талийгаач 49 настай эрэгтэй, 39 настай эмэгтэй болон долоон настай охин, таван сартай хүүг онцгой байдлын албан хаагчид аварч чадаагүй. Учир нь ‘Гал гарсан” гэх дуудлагыг тус дүүргийн Онцгой байдлын хэлтэс 17.15 цагт хүлээн авч, Аврах, гал унтраах 63 дугаар ангийн алба хаагчид хэргийн газар очиход таван ханатай монгол гэр дүрэлзэн шатаж байсныг 20 минутын дараа унтраасан боловч гэр бүлийн гишүүд амиа алдсан байжээ.
Талийгаач А.Э нар хүүхдийнхээ хамт орон дээрээ зэрэгцэж хэвтсэн байдалтайгаар олджээ. Албан бус мэдээллээр хашаанд талийгаачдаас өөр хүн байгаагүй, гадны хүн орж ирээгүй гэнэ. Мөн гал үүднээсээ гарсан байх магадлалтай аж. Одоогоор мэргэжлийн байгууллагууд галын шалтгааныг тодруулахаар ажиллаж байгаа юм.