-Энэхүү өргөөний шалаасаа дээш тааз бүхэлдээ “монгол” орчныг цогцлоон тохижуулжээ-
Баянгол дүүргийн 15-р цэцэрлэгт өнөөдөр нэгэн чухал үйл явдал боллоо. Энэ дагуу тус цэцэрлэгийг зорин Н.Дариймаа багшийн ангиар зочиллоо. Ангийн хаалгыг дөнгөж нээхэд л үндэсний өв соёл, хувцас хэрэглэл, чухам монгол ахуй гэдгийг мэдрэв. Энэхүү өргөөний шалаасаа дээш тааз бүхэлдээ “монгол” орчныг цогцлоон тохижуулжээ. Энэхүү Монгол бичил өргөөнөө багачуудын төдийгүй эцэг, эхчүүдийн мэлмийг нээж, оюуныг тэлэх олон зүйлийн эд хэрэглэл, зураг, чимгийг дэлгэн тавьсан байна. Эцэг, эхийн болон цэцэрлэгийн төлөөллүүд ч хэдийнэ цугларч, өргөөний нээлтийн ажиллагааг нээж тус цэцэрлэгийн Арга зүйч М.Туяа, Ахлах “Б” бүлгийн багш Н.Дариймаа нар үг хэллээ
Үүний дараа танхимыг албан ёсоор нээж тууз хайчлах ёслол болж, монгол үндэсний өргөөндөө багачууд ая дууны мэндийн цэнхэр хадаг өргөж, Монгол хүүхдийн хүмүүжилд эрхэмлэх 9 зүйлийг эцэг, эхчүүд болон багш нартаа уншиж сонирхуулсан юм.
Энэ үеэр ангийн багш Н.Дариймаатай хэсэгхэн хором ярилцлаа.
-Та бүхний хийж бүтээж буй энэ ажлын гол зорилго юунд оршиж байгаа вэ?
-Өнөөдөр бидний ирээдүй хаашаа явж байгааг бид зүгээр хараад сууж болохгүй. Хүн бүр, ялангуяа хүүхэд бүр техник, технологид нэвтэрхий болохын зэрэгцээ монгол гэдэг өв соёл, Монгол хүн гэдэг үгүй болох эрсдэл нүүрлээд байна. Бага насны захын хүүхэд л ухаалаг утсыг яаж ажиллуулдагийг мэддэг болсон. Харин монгол гэдэг зүйл, Монгол хүн мартагдах дээрээ тулж байна. Тиймээс бид 20, 30 жилийн дараах Монгол хүнийг авч үлдэхийн тулд бодит Монгол ахуйд тулгуурлан хүүхэд багачууддаа хүмүүжил олгох нь чухал юм гэж бодсоны үндсэн дээр энэ санаачлагынхаа эхний алхамыг хийгээд явж байна. Ялангуяа одоо 3-4 насны хүүхдүүд амьдралынхаа хүмүүжлийн гол суурийг энэ насандаа авч суралцаж байдаг учраас манай ангийнхны хувьд их чухал ач холбогдолтой ажил болж байгаа юм. Хүүхдийн бага насны хүмүүжил, сурсан эрдэм насан туршид нь үлддэг бөгөөд ирээдүйд ямар хүн болж төлөвших суурь нь болдог учиртай.
-Энд тохижуулсан бүтээлүүдээр хүүхдүүд тоглож болох уу. Эсвэл үзүүлэн маягаар сургалтад ашиглаж явах уу?
-Хүүхдүүд энэ бүгдийг чөлөөтэй авч тоглож болно. Дээл хувцсаа өмсөж болно. Жишээ нь, охид маань араг савар, саалийн хувин зэргээр тоглож, хөвгүүд нь зодог шуудгаа өмсөж, эмээл тохомоороо тоглож, чухам эдгээр эд хэрэгслийг юугаар хийдэг, яаж хэрэглэдэг гэх мэт мэдлэгийг олж авах боломжтой юм. Тэгэхээр тоглож ч болно, мөн хичээл сургалтад ч ашиглана гэсэн үг. Гэхдээ бид шагайг түлхүү хэрэглэж байгаа. Шагайгаар наадах маш олон наадгай байдаг шүү дээ. Тэр бүгд нь цаанаа мөн хүмүүжил, танин мэдэхүйн арга ухаанд сургадаг онцлогтой учраас бид шагайг их ашигладаг.
-Энэ бол эхний алхам гэж хэллээ. Тэгэхээр цаашид үргэлжлүүлэн ямар тохижилт хийхээр төлөвлөсөн юм бэ?
-Боломжтой бол бид ангийнхаа буланг мохоо буюу өнцөггүй болгох санаа бий. Монгол гэр дугуй байдаг шүү дээ. Өнцөг булангүй, дугуй гэрт элдэв муу юм тогтохгүй, салхиар туугдан хаалгаар гарч одно гэж үздэг. Тэгэхээр бид ч үүний жишгээр ангиа тойрог хэлбэртэй болговол хүүхдүүдэд ч ээлтэй, эерэг орчин бүрдэх учиртай юм. Энэ мэтчилэн боломж нь бүрдвэл хийхийг хүссэн юм их байна.
-Мэдээж гол асуудал бол хөрөнгө мөнгө. Энэ удаагийн тохижилтод хэр хэмжээний хөрөнгө оров. Хаанаас ямар санхүүжилтээр зохицуулав?
-Энэ бичил өргөөний тохижилтод дөрвөн сая орчим төгрөг зарцуулсан. Үүний хоёр сая гаруй төгрөгийг эцэг эхчүүд, сая төгрөгийг нь миний зүгээс гаргасан байгаа. Энэ дашрамд хэлэхэд, миний санаачлагыг дэмжиж, сэтгэл, гар бие оролцон тусласан эцэг эхчүүддээ болон хамт олондоо маш их баярласнаа хэлмээр байна. Мөн өөрсдийн олон өдрийн цаг заваа зориулан байж хана, тааз, хүүхдийн хувцасны шүүгээний зургуудыг зурж хувь нэмрээ оруулсан Их засаг сургуулийн Уран зургийн ангийн төгсөх курсийн хоёр оюутан залуудаа талархлаа илэрхийлье. Энэ залуус маань нийт 7 хоногийн хугацаанд эдгээр зургуудыг зурсан. Маш сайхан бүтээл болсон.
Тус ангийн багш Н.Дариймаа нь боловсролын салбарт өдгөө 17 дахь жилдээ ажиллаж байгаа арвин туршлагатай сурган хүмүүжүүлэгч төдийгүй монгол ахуй, монгол ухааныг өөрийн сургалт хүмүүжлийн арга барилаа болгон хэрэгжүүлж, жинхэнэ монгол хүнийг төлөвшүүлэх чин эрмэлзлээр ажиллаж ирсэн нэгэн ажээ. Түүний хувьд энэ удаад ийнхүү хоёр дахь ангиа монгол ахуйн байдлаар тохижуулж, монгол орчныг бодит байдлаар бүрдүүлэн ажиллаж байгаа гэнэ. Тэрээр энд байгаа хүүхдийн дээлийг өөрийн гараар урласан байна. Мөн зодог шуудаг нь түүний хүүгийнх аж. Гэх мэтчилэнгээр өөрсдийн боломжоороо ангиа тохижуулжээ.
Нялх нярайгаасаа утастай холбогддог болсон энэ цаг үед бидний үр хойчис хаашаа явж байгааг эцэг эхчүүд бид үл хайхрах болсон нь хатуу ч гэсэн үнэний хувьтай. Тэгвэл бид бүхний арыг дааж, ирээдүйг хөтөлж, монгол хүүхдийн хүмүүжлийн гол суурийг тавих эрхэм үүргийг хүлээсэн цэцэрлэгийн багш нарын “монгол хүн”-ийг монголоор нь үлдээх их үйлсийн зөвхөн нэгхэн жишээний зах зухаас дурдахад ийм байна. Үүнд эцэг эхчүүдийн оролцоо ч чухал. Эцэг эхийн төлөөлөл, Ахлах “Б” бүлгийн Аялгуугийн аав н.Гансүх энэ талаар сэтгэгдлээ хуваалцаж “Өнөөдөр бидний үр хүүхдийг бодит монгол ахуйтай холбож, ийм сайхан орчныг бүрдүүлэх санаачлагыг гаргаж, монгол ухаанаар сурган хүмүүжүүлж яваа багш нартаа баярлалаа. Мөн сэтгэл нэгдэн, дэмжиж тусласан эцэг эхчүүддээ ч талархаж байна. Ирээдүйн монгол хүнийг бий болгоход бид бүгдээрээ хамтдаа хичээх хэрэгтэй. Өөрт байгаа, бусдад хэрэгтэй илүү зүйлээ нэмэрлэж, боломж бололцоогоороо бие биенээ дэмжээд явбал өнөөдөр бидэнд болохгүй бүтэхгүй зүйл байхгрүй. Бараг мартагдах шахаад буй монгол өв уламжлал, ёс заншлаа бид үр хүүхдүүддээ өвлүүлэн үлдээхэд энэ ажил маш их үр өгөөжөө өгөх нь дамжиггүй. Цаашид ч ирээдүйн төлөө хамтарч, дэмжин ажиллахдаа таатай байх болно.” хэмээсэн юм.
Ийнхүү БГД-ийн 15-р цэцэрлэгт өв уламжлалаа шингээсэн Монгол өргөө үүдээ нээлээ.
Эх сурвалж: Undesten.mn
1 comment
15-р цэцэрлэгт өв уламжлалаа шингээсэн “Монгол өргөө” үүдээ нээлээ – updown.mn
acpokypes
[url=http://www.gj37r11qnp96g6xk536ly0p2v7o7z00qs.org/]ucpokypes[/url]
cpokypes http://www.gj37r11qnp96g6xk536ly0p2v7o7z00qs.org/