Нийслэлийн Онцгой байдлын газраас газар хөдлөлтийн үед аюулгүй байдлаа хангах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх мэдлэг, мэдээлэл олгохоор олон нийтийн өдөрлөгийг Тусгаар тогтнолын талбайд өнөөдөр зохион байгууллаа. Энэ үеэр “Гамшигт тэсвэртэй Улаанбаатар” төслийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа нийслэлийн Онцгой байдлын газар, Хүүхэд гэр бүл хөгжлийн газар, Боловсролын газар, Эрүүл мэндийн газар зэрэг байгууллагад нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч, Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөлийн дарга П.Баярхүү болон Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллагын төлөөллүүд газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх багаж, техник тоног төхөөрөмжийг гардуулан өгөв.
Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудлыг хариуцсан орлогч П.Баярхүү “Газар хөдлөлтийн үед иргэдийг хамгаалахад түр хоргодох байр нэн түрүүнд шаардлагатай байдаг. Тиймээс бид энэ талд анхаарч байна. Улаанбаатар хотын хэмжээнд 22 түр хоргодох байр байсныг 11-ээр нэмэгдүүлсэн. Газар хөдлөлтийн үед цуглах 40 цэгийг тодорхой болгосон. Энэ байрлалуудыг улам боловсронгуй болгохоор ажиллаж байна. Мэдээж газар хөдлөх ч юм уу гамшиг тохиолдсон үед иргэд мэдлэгтэй байх ёстой. Тэднийг сургах, дадлагажуулах талд анхаарч Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллагатай хамтраад “Гамшигт тэсвэртэй Улаанбаатар” төслийг хэрэгжүүлээд явж байна. Одоогоор 1000 гаруй иргэнийг сургалтад хамруулсан. Цаашид энэ сургалтад иргэдийг өргөн цар хүрээгээр хамруулах болно. Мөн уг төслийн хүрээнд өнөөдөр газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх багаж, техник, тоног төхөөрөмжийг төсөл хэрэгжиж байгаа холбогдох газарт хүлээлгэн өглөө” гэв.
Манай орны нийт нутаг дэвсгэрийн 55.4 хувь нь газар хөдлөлийн 7-8 баллын ангилалд, 9 ба түүнээс дээш баллын ангилалд 19.6 хувь нь хамрагдаж байна. Сүүлийн 50 гаруй жилийн хугацаанд Монгол Улсын нутаг дэвсгэрт хийгдсэн газар хөдлөлтийн судалгаагаар манай улсын нийт хот, суурин газрын 75 орчим хувь нь газар хөдлөлтийн 7 ба түүнээс дээш, 12 сум, суурин газар нь газар хөдлөлтийн 9 ба түүнээс дээш баллын газар хөдлөлийн чичирхийллийн бүс нутагт оршиж байгаа аж. Эдгээр хот сууринд нийт хүн амын 85 гаруй хувь нь амьдарч байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.