Малын гоц халдварт шүлхий өвчний тархалтын эсрэг хорио цээрийн дэглэм есөн аймгийн 19 суманд хэрэгжиж байна. Өнөөдрийн байдлаар ХХААХҮЯ-наас 500 мянган тун шүлхийн вакциныг гоц халдварт өвчний тархалт нэмэгдэж байгаа аймгууд руу яаралтай хүргүүлж эхэлжээ. Эхний ээлжийн уг вакциныг Булган, Орхон, Хэнтий Дундговь, Өмнөговь, Төв, Дорноговь аймагт хүргүүлжээ. Үлдэгдэл вакциныг дөрөвдүгээр сарын 20-ны дотор хүлээн авч шаардлагатай газруудад нь хуваарилах юм. Засгийн газрын 29 тоот тогтоолын дагуу ОХУ-ын Холбооны мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах төвөөс 2 сая тун шүлхийн вакцин шууд худалдан авах гэрээ байгуулсан билээ.
Он гарсаар нийт 404 өрхийн 4468 толгой мал шүлхий өвчнөөр өвчилж, 3268 толгой малыг зориудын устгалд хамруулсан байна. Энэхүү өвчний тархалт нэмэгдэх хандлагатай байгаа тул ХХААХҮЯ-наас Баянзүрх, Яармаг, 22-ын шалган нэвтрүүлэх товчоо, Налайх дөрөвдүгээр зөрлөг, орон нутагт Төв аймаг Дов толгой, Баянхонгор аймгийн Байдрагийн гүүр, Завханы Тэлмэнгийн даваа, Сэлэнгийн Баруунбүрэн, Дархан-Уул аймгийн Хонгор суманд тус тус тавдугаар сарын 1 хүртэл цэгт ариутгал халдваргүйтгэлийн цэг байгуулан ажиллуулж байна.