Ном бол өөртөө бүх ард түмний баялгийг хадгалсан дэлхийн хамгийн том үнэт эрдэнэсийн агуулах билээ. Энэ бол бидэнд өнгөрснийг хүүрнэж, одоог ярьж, ирээдүйг үзүүлэх цаг хугацааны машин.
Туркийн хог тээвэрлэгчид энэ үгийн утгад ач холбогдол өгч, хогийн цэгт хоногоо хүлээн хэвтэх гэж байсан номуудаар номын сан байгуулжээ.
Тус номын сан Анкарад байрладаг. Анхандаа хог тээвэрлэгчид хаясан номуудыг цуглуулж байсан бол дараа нь тэдэнд нутгийн иргэд хэрэггүй болсон номуудаа хандивласан байна.
Номын санг эхлээд зөвхөн хог тээвэрлэлтийн ажилтнууд болон тэдний гэр бүлийн гишүүдэд зориулан нээсэн аж. Гэтэл энэхүү өвөрмөц номын сангийн тухай мэдээлэл хот даяар дархаж, нийтийн номын сан болгохоос өөр аргүй болжээ.
Өнөөдөр энэ номын санд уран зохиолоос эхлээд шинжлэх ухааны бүтээл хүртэл 6000 гаруй ном байна. Энд түүнчлэн хүүхдийн үлгэр, комикс номтой хэсэг ч байгаа аж. Мөн гадаад хэл дээрх ном ч бий.
Номын санг хуучин тоосгоны үйлдвэрийн эрүүл ахуйн өрөөнд байгуулжээ. Урт хонгилууд нь номын тавиурыг байрлуулахад яг тохирч байв.
Тус номын сангаас хоёр 7 хоногийн хугацаатайгаар ном авч болно. Хэрвээ та уншиж амжаагүй бол хугацааг нь ч сунгах боломжтой гэсэн шүү.
“Зарим хүмүүс энэ номыг хаяж байхад зарим нь хайж байдаг, гайхалтай шүү” хэмээн Анкарагийн Чанкай дүүргийн тэргүүн Алпер Ташделен мэдэгджээ. Номын цуглуулга маш их болсон тул тус номын сан олж авсан номнуудаа дунд сургуульд, сургалтын төв, хорих ангиудад ч тарааж байгаа гэнэ.
Номын санд ном уншиж, шатар тоглох боломжтой лонж бий. Цаашид энд амралтын өрөө, кино заал байгуулахаар төлвөлөж байна.
Хог тээвэрлэлтийн ажилтан 32 настай Серхат Байтемпур “Өмнө нь би гэртээ олон номтой болохыг мөрөөддөг байлаа. Харин одоо бид өөрсдийн гэсэн номын сантай болчихлоо” хэмээн баяраа хуваалцжээ.