Хятадын Авлигатай тэмцэх гол байгууллага 30 бүсэд 15 ажлын хэсэг илгээж, хяналт шалгалтын шинэ үеэ эхлүүлж байгаа талаар Хятадын Коммунист намын Зарчмын шалгалтын Төв комиссоос мэдээлжээ.
Намаас явуулж буй дээрх шалгалт нь мужуудыг хамрахаас гадна хэд хэдэн яам, үйлдвэрийг ч хамрах аж. Тухайлбал Гаалийн Ерөнхий газар, Соёлын яам, Төрийн статистикийн газар, “Синьхуа” мэдээллийн агентлаг болон бусад төрийн өмчит компаниуд шалгуулна. Шалгагчид ирэх тавдугаар сарын сүүлч хүртэл газруудаар байрлаж, өндөр албан тушаалтнууд хэв журам зөрчсөн байж болзошгүй тухай мэдээллийг цуглуулна.
Энэ бол өнгөрсөн оны аравдугаар сард болж өндөрлөсөн Хятадын Коммунист намын 19 дүгээр их хурлын дараа хийгдэж буй авлигын анхны шалгалт юм.
Хятадад Си Жиньпин 2012 оны арваннэгдүгээр сард Хятадын Коммунист намын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга болсон цагаас эхлэн авлигатай тэмцэх томоохон кампанит ажил эхэлсэн билээ. Хятадын Коммунист намын Төв хорооны Зарчмын шалгалтын хамгийн сүүлийн мэдээнээс үзэхэд сүүлийн таван жилийн хугацаанд энэ төрлийн гэмт хэрэгт тус намын янз бүрийн түвшний 1.53 сая гаруй гишүүн холбогдсон байна.
Шийтгэл амссан хүмүүсийн тухайд олонх нь доод шатны албан тушаалтнууд байсан бөгөөд 648 мянга нь суурин, тосгоны эрх бүхи хүмүүс байжээ. Тэдний үйлдсэн авлигын гэмт хэрэг тийм ч томд тооцогдохгүй байна. Комиссын мэдээллээс үзэхэд сүүлийн таван жилд шалгалтад намын 155 мянган нэгж хамрагджээ.
Хятадын засаг захиргаа одоо бүс нутгийн түвшинд шалгалт хийхээр болж байна. Хэвлэлүүдэд мэдээлж буйгаар Бээжин триад буюу хэдэн зууны тэртээгээс алдартай Хятадын нэлээд сайн өнгөлөн далдлагдсан мафийн бүлэглэлийг ил гаргаж, шийтгэхээр төлөвлөж байна.
Барыг төдийгүй ялааг ч намнана
БНХАУ-ын удирдагч Си Жиньпин доод түвшинд авлигыг үр үндсээр нь устгах үндэсний хэмжээний томоохон кампанит ажил зарласан билээ. Хятадын удирдагчийн үзэж буйгаар доод шатны авлига нь Коммунист намын нэр хүндэд асар их хор хохирол авч ирдэг гэнэ. Мөн 2020 он гэхэд улс орон даяар ядуурлыг арилгана гэсэн Сигийн томоохон амлалтыг биелүүлэхэд саад болж буй гол хүчин зүйл гэжээ.
Кампанит ажилд намын болон төрийн дээд удирдлагын 30 гаруй байгууллагыг татан оруулсан байна. Төв комиссын Зарчмын шалгалтын хаалттай хуралдаанаар Хятадын Коммунист намын Төв хорооны нарийн бичгийн дарга триадын удирдагчид, орон нутгийн албан тушаалтнууд хоорондоо үгсэн хуйвалдаж, мафитай холбогдсон байж болзошгүй гэж анхааруулжээ. Энэ нь намын удирдах үүрэгт сөргөөр нөлөөлдөг гэнэ. Тиймээс Си Жиньпин “бар”-ыг ч, “ялаа”-г ч адилхан намнахыг зөвлөжээ. Өөрөөр хэлбэл төвийн гол авлигачид төдийгүй жижиг хэмжээний орон нутгийн авлигачийг ч олж илрүүлэх ёстой.
Хятадын Коммунист намын авлигатай тэмцэх гол уриа нь “Бохирыг цэвэрлэж, муу муухайг хөөн зайлуулах” гэнэ.
Хятадын мафиудын хувьд хүний наймаа, биеэ үнэлэлт, мөрийтэй тоглоомыг хууль бусаар зохион байгуулах, хууль бус бараа хил нэвтрүүлэх зэрэг ордог. Хамгийн жижгүүд нь мансууруулах бодис худалдаална.
Триадууд уу, эсвэл зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэл үү?
Авлигатай тэмцэх үйл ажиллагаагаа өргөжүүлэх тухай мэдээлэх бүр Хятадын бараг бүх хэвлэл мэдээллүүд триад буюу олон зууны түүхтэй гэмт хэргийн нууц нийгэмлэгийн талаар дурддаг. НТӨ II зуунд үгүйрч хоосорсон далайн дээрэмчид, боолын худалдаачдын бүлэглэлүүд нэгдэж, “Бадамлянхуан сүүдэр” хэмээх нэртэй гэмт хэргийн гурван том бүлэг бий болгожээ. Хожим нь тэдний суурин дээр шашны, эх оронч байгууллагууд, Манжийн булаан эзлэгсэдтэй тэмцэгч партизаны отрядууд бий болжээ.
Тэднээс XVII зуунд гэмт хэргийн хатуу ёс дүрэмтэй хүчирхэг бүлэглэл бий болсон түүхтэй. Бүлгийн доод үүрийн гишүүд толгойлогчдынхоо ч нэрийг мэддэггүй байжээ. Эхэндээ булаан эзлэгсэдтэй тэмцэж байсан тэд алгуурхнаар гэмт хэргийн ертөнц рүү шилжиж, их хэмжээний газар нутгийг хамарсан хүндлэлийг олжээ. Эдгээр нууц бүтцийнхэн эхэндээ газар шороо, хүн, тэнгэр гэсэн гурван махбодын нэгдлийг бэлгэдсэн анхны нэрээ хадгалсаар иржээ. Түүхэндээ тэд үргэлж угсаатны шинжээрээ нэгддэг байсан аж. Өөрөөр хэлбэл зөвхөн хятадууд л энэ бүлэгт нэгддэг гэсэн үг.
“Триадууд хэдийгээр өөрчлөгдсөн боловч өнөө хэр нь оршин тогтносоор байгаа. Гэвч тэднийг одоо байгаа гэдгийг батлах их хэцүү. Тийм л нууц нийгэмлэг дэлхий ертөнцөөс нуугдмал байдалтай оршин тогтнож байна. Тэд Хятадад, Хонконгт, түүнчлэн хятадууд олноороо суурьшдаг бусад улсад ч үйл ажиллагаагаа явуулдаг” гэж шинжээчид мэдэгджээ.
Өмнөх буюу жинхэнэ триадуудыг Мао Зэдуны явуулсан “соёлын хувьсгал”-ын жилүүдэд устгажээ. Харин шинэчлэлийн эринд тэд дахин бий болсон ч цоо шинээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн байна. Орчин цагийн триадууд ерөнхийдөө зохион байгуулалттай гэмт бүлэглэлийн шинж рүү орсон. Тэд хүн амын ямар нэгэн бүлэглэлийн ашиг сонирхлыг хамгаалдаггүй, үндэсний эв нэгдлийн төлөө үйл ажиллагаа явуулахаа больсон, шашны үнэт зүйлсийг тулгуурладаггүй гээд өмнөхүүдээсээ нэлээд ялгаатай. Тэд зүгээр л өндөр зохион байгуулалттай гэмт хэрэгтнүүд болсон гэнэ. Харин одоо тэдэнтэй Хятадын засаг захиргаа дайн зарлах гэж байна.
Си Жиньпин популизм хийгээгүй
Авлигатай тэмцэнэ гэдэг нь Хятадын нам, төрийн удирдлагуудын стратеги бодлого юм. Тус улсын төрийн тэргүүн Си Жиньпин 2013 оны гуравдугаар сард засгийн эрхэнд гарснаас хойш популизм хийж, хүн амынхаа дунд нэр хүндтэй болохын төлөө энэ ажлыг хийгээгүй. Харин зайлшгүй шаардлага үүссэнээр үүнийг хийж байгаа гэж шинжээчид үздэг.
Си Жиньпинийг төрийн эрхэнд гарах үед тус улсад авлигын түвшинд маш өндөр байжээ. Тус улсад ямар ч албан тушаал, томилгоог мөнгөөр худалдан авч болдог байв. Авлига, хээл хахууль тэр ч бүү хэл армийг ч хамарчээ. Эрх бүхий томоохон албан тушаалтны гэр бүл болгон хэдэн тэрбум ам.долларын өртөгтэй бизнес эзэнт гүрнийг эзэмшдэг байлаа. Жишээлбэл, Улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн Чжоу Юнканыг баривчлах үед түүнийг тойрсон 14 тэрбум ам.долларын хөрөнгийг царцаасан түүхтэй.
Гэхдээ барууны хэвлэлүүд Хятадын засаг захиргааг хүний эрхийг системтэйгээр зөрчдөг, хэлмэгдүүлэлт хийдэг, шүүхийн засаглалтай гэж буруутгадаг. Энэ удаагийн авлигатай тэмцэх ажиллагаа ч шинэ хэлмэгдүүлэлт бий болгоно гэж үздэг байна.