АТГ-аас өнөөдөр (2018.02.26) энэ сард хийсэн томоохон ажлуудын талаар мэдээлэл өглөө. Он гарсанаас хойш нийт 305 гэмт хэрэгт эрүүгийн мөрдөн шалгах ажиллагаа явуулж, 34 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бол 31 хэргийг хаах саналтай, гурван хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар шийдвэрлэсэн байна.
АТГ-т төрийн өндөр алба хашиж буй болон төрийн холбогдох албан тушаалтнууд хөрөнгө орлогын мэдүүлгээ гаргаж өгөх хугацаа энэ сарын 15-нд дуусгавар болсон. Хуульд заасан хугацаанд зохих шатны байгууллагын 40 мянга 73 эрх бүхий албан тушаалтан хөрөнгө, орлогын мэдүүлгээ гаргах байснаас 40 мянга 67 нь хөрөнгө орлогын мэдүүлгээ гаргажээ. Өнгөрсөн онд төрийн албанд шинээр болон сэлгэн томилогдсон 11 мянга 115 хүний хөрөнгө орлогын мэдүүлгийг хянаж, хариу өгсөн бөгөөд авлигын улмаас 69 тэрбум 546 сая 211 мянган төгрөгийн хохирол учирчээ. Үүнээс 11 тэрбум 201 сая 118 мянган төгрөгийг нөхөн төлүүлжээ.