Мэдээллийн технологийн хөгжил нийгэм, эдийн засгийн бүхий л салбарт асар их өөрчлөлт, дэвшлийг дагуулж байна. Санхүүгийн салбарт сүүлийн үед финтек буюу технологид суурилсан санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээний нэр төрөл олширч, хамрах хүрээ, хүртээмж нь ч ихээхэн нэмэгдсээр байна.
Банкнаас бусад санхүүгийн буюу үнэт цаасны, даатгалын, банк бус санхүүгийн болон хадгаламж, зээлийн хоршооны зах зээлд ажиллаж буй аж ахуйн нэгжүүд бүтээгдэхүүн, үйлчилгээндээ технологийн орчин үеийн ололт, дэвшлийг нэвтрүүлэх, хөгжүүлэх, хэрэглэгчдэд хүндрэл бэрхшээлгүй, түргэн шуурхай, хялбар ойлгомжтой үйлчлэх талаар багагүй эрэл хайгуул хийж, тодорхой үр дүнд хүрч байна.
Технологид суурилсан санхүүгийн үйлчилгээ, бүтээгдэхүүн олон давуу талтай ч халдлагад өртөх, аюулгүй байдал болон хэрэглэгчдийн нууцлал, мэдээлэл алдагдах зэрэг эрсдэлд өртөмтгий хэвээр байна. Хэдийгээр цахим халдлагад банк, санхүүгийн байгууллагууд голчлон өртөж буй ч харилцагч, үйлчлүүлэгчид тус тусын аюулгүй байдлаа хангах, хувийн мэдээлэл, нууцлалаа хамгаалах явдал ихээхэн чухал болохыг анхааруулж байна.
Хувийн болон санхүүгийн мэдээллээ алдахгүй байхад хэрэглэгчийн нууц үг, түүний нууцлал, шинэчлэл багагүй үүрэг гүйцэтгэдэг байна. Тиймээс хэрэглэгч санхүүгийн үйлчилгээний данс болон цахим хэрэглээний хаягуудынхаа нууц үгийг давхардуулахгүй, толгой үсэг болон жижиг үсэг, тоо, тэмдэгтүүдийг хольж, хялбар тааварлагдахааргүйгээр зохион бүрдүүлэхийг мэдээллийн технологийн мэргэжилтнүүд зөвлөдөг. Мөн аль болох олон буюу 10-аас дээш оронтой нууц үг зохиох, түүндээ өөрийн болон ойр дотны хэн нэгний төрсөн өдөр, утасны дугаар, нэр, ажилладаг байгууллага, сурдаг сургууль зэрэг хялбар мэдээлэл, 12345, qwerty зэрэг дараалсан үсэг, тэмдэгт, Password123, admin123, changeme123 зэрэг тааварлах боломжтой агуулга оруулахгүй байх нь зүйтэй юм. Түүнчлэн нууц үгээ ойр ойр сольж байх, мартахгүй байх нь хэрэглэгчдэд санхүүгийн аюулгүй байдлаа хангахад сайн нөлөөтэй.