БНАСАУ-ын төлөөлөгчид Өмнөд Солонгосоос гадна АНУ-тай харилцаагаа хөгжүүлэхээ зөвшөөрчээ. Энэ талаар БНСУ-ын Ерөнхийлөгчийн засаг захиргаанаас Хойд Солонгосын төлөөлөгчидтэй уулзалт хийсний дараа мэдэгдсэн байна.
“Хойд Солонгосын төлөөлөгчид хоёр Солонгосын харилцааг хөгжүүлэхээс гадна Хойд Солонгос, АНУ-ын харилцааг давхар хөгжүүлэх ёстой гэдгийг зөвшөөрсөн” хэмээн YTN суваг мэдээлсэн байна.
БНАСАУ-ын өндөр албан тушаалын төлөөлөгчид өчигдөр Пёнчаны Олимпийн хаалтын ёслолын ажиллагаанд оролцохоор Өмнөд Солонгост хүрэлцэн ирсэн юм. Энэ үеэр төлөөлөгчид БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Чэ Интэй нэг цагийн турш уулзсан байна.
Энэ оны нэгдүгээр сарын Пхеньяны санаачилгаар Солонгосын хоорондын хэлэлцээр эхэлж, үүний үр дүнд БНАСАУ-ын тамирчин, жүжигчин, албан тушаалтнууд нийлсэн 500 гаруй төлөөлөгчийг Олимпод оролцуулахаар болсон билээ. АНУ-ын байнгын төлөөлөгч Никки Хейлигийн үзэж буйгаар Пхеньян хориг арга хэмжээнээс болж асуудал хүндэрсэн болохоор л Сөүлтэй яриа хэлэлцээ хийхээр шийдвэрлэсэн гэнэ.