-Энэ хэргийн бүх тайлан тооцоо ил болжээ-
Перу улсын Эрүүл мэндийн яамны 2015, 2017 оны тайлангуудад тус улсын хамгийн алслагдмал бөглүү хэсэг болох Амазонкад амьдардаг уугуул иргэд мөнгөн ус алдагдсанаас үүдэлтэй хордлогод орж, бөөн бөөнөөрөө амиа алджээ. Уг тайланг харамсалтай нь огт дэлгэхгүй, нуун дарагдуулсан тухай ‘The Guardian’’-д бичсэн байна.
Өнгөрсөн зууны 80-аад оны дундаар Амазонкийн Ширэнгэн ойг судалж явсан мэргэжилтнүүд нахуа хэмээх нэгэн омгийг анх илрүүлжээ. Энэ цагаас хойш уг омгийнхны бараг 50 орчим хувь нь амьсгалын замын болон халдварт өвчнөөр үхэж үрэгджээ. Өнөөдөр уг омгийн иргэдийн тоо 500 хүрэхгүй болжээ.
2014 оны арваннэгдүгээр сард уг омгийн нэгэн эмэгтэй цус алдалтын хүнд шинж тэмдэгтэй зургаан сартай хүүхдээ тэврээд эмнэлэгт хандсан байна. Гэтэл хүүхэд нь мөнгөн усанд хордсон болж таарчээ. Ингээд бүс нутгийн эрүүл мэндийн байгууллагаас омгийн бусад хүнд шинжилгээ хийхээр болж, 150 гаруй хүнээс шээсний дээж автал 78 хувьд нь “мөнгөн усны агууламж өндөр’ гэж гарчээ.
Өөрөөр хэлбэл мөнгөн усны хордлого хүүхэд, хөгшин, эрэгтэй, эмэгтэй гэлтгүй омгийн бараг хүнийг хамарсан гэсэн үг. Ялангуяа 14 настай нэгэн охиноос мөнгөн ус хамгийн өндөр түвшинд илэрчээ. Түүний араас 27 настай нэгэн залуу орсон байна. Түүнчлэн хөхөөр хооллодог нярай хүүхдээс ч мөнгөн ус илэрсэн аймшигт тохиолдол гарчээ.
Уг тайланд дурдсанаар мөнгөн усаар хордуулж буй эх үүсвэрийг олоогүй гэнэ. Магадгүй энэ нь загас ч байж болох юм. Гэхдээ мэргэжилтнүүдийн үзэж буйгаар энэ бүхний буруутан нь энэ бүсэд орших Camisea хийн орд байж болзошгүй. “Перу улсын засаг захиргаа дархан цаазат энэ бүсэд аж төрж буй хүмүүсийн эрсдэлийн түвшнийг тогтоохын тулд агаар, усны цооногт мөнгөн ус алдагдаж байгааг нарийн шалгаж, бохирдлын замыг нь олж тогтоох ёстой” гэж баримтад бичжээ. Түүнчлэн Camisea хийд мөнгөн ус байгааг Лас-Малвинас дахь дахин боловсруулах үйлдвэрт энэхүү хорт металлыг арилгах төхөөрөмж суурилуулснаар баталж болно.
Тухайн газар алт олборлогчдоос болж мөнгөн усны хордлого гарсан байж болзошгүй гэх таамаглал бий. Гэвч хиймэл дагуулаас авсан зураг, газрын дээж энэ таамаглалыг батлаагүй байна. Мөн ойгоо устгасан, аж үйлдвэрийн хог хаягдлыг шатаасан, усны бохирдол зэрэг ч байж болох шалтгаануудын тоонд багтжээ.
Өнөөдрийн байдлаар энэ тайланг олонд огт дэлгээгүй байна. Уг баримтыг 2015 онд гаргасан боловч өнгөрсөн оны тавдугаар сард л хэвлэмэл хувилбар нь цөөн хүнд хүрчээ. Нахуа омгийн төлөөлөгч сэтгүүлчдэд ярьснаар омгийн бараг бүх хүн мөнгөн усны халдвар авсан боловч Засгийн газар тэднийг “бараг мартсан” гэжээ. Түүний хэлснээр өнгөрсөн оны гуравдугаар сараас хойш төр засгаас нэг ч хүн үзэгдээгүй бөгөөд өөрсдөд нь тусалж буй гэх цорын ганц албан тушаалтан нь сайн хооллож, архи хэрэглэхгүй байхыг л зөвлөсөн гэнэ. Тэрбээр “Бидэнд тусламж хэрэгтэй байна. Хэн нэгэн бидэнд туслаасай гэж хүсч байна. Хүмүүс түгшүүртэй амьдарч байна. Бид үүнтэй эвлэрч чадахгүй ээ. Биднийг тэд зүгээр л мартчихсан” гэж сэтгүүлчдэд мэдээлжээ.
Энэ асуудлаар олон тооны байгууллага Перугийн Засгийн газарт хандаж, ямар нэгэн арга хэмжээ авахыг шаардсан боловч ямар ч үр дүнд хүрээгүй байна. Үүний улмаас нахуа омгийнхон амиа алдсаар байна. Тэд мөнгөн усны халдварт байнга өртсөнөөр бөөрний дутагдалд орох зэрэг эрүүл мэндийн ноцтой асуудал үүсч байгаа ажээ. Энэ асуудлыг хоол хүнсээ зохицуулаад ч зогсоох боломжгүй. Учир нь хүмүүсийн шээснээс илэрсэн мөнгөн ус нь органик бус гаралтай байгаа юм.
Харин “Camisea” хийн ордыг эзэмшдэг компанийн төлөөлөгчид энэ явдал өөрсдөд нь хамаагүй гэж мэдэгдсэн байна. Тэд энэ бүсэд уул уурхайн олон тооны үйлдвэрлэл явагддаг гэж жишээ татжээ. Гэвч уул уурхайн ямар бүтээгдэхүүн гаргадаг тухай асуултад хэн ч хариулж дөнгөсөнгүй. Эрүүл мэндийн яамны нууцалсан тайланд тэмдэглэснээр нахуа омгийн гишүүдийн эрүүл мэнд соёл иргэншилт ертөнцтэй холбогдсоноос хойш эрс муудсан гэнэ. Хүмүүс хоол хүнсний дутагдалд орж тав хүртэлх насны хүүхдүүдийн 61 хувь нь хоол тэжээлийн хомсдолтой, 76 хувь нь цус багадалттай, хүнд хэлбэрийн цусан суулга, сүрьеэ, гепатит В тасрахгүй байна. Эдгээрийн нэг шалтгаан нь нүүдэллэн амьдардаг байснаа суурин хэв маягт шилжиж, байгалийн нөөц, цэвэр ус авах боломж хумигдсантай холбоотой. Үүнээс гадна эмнэлгийн үйлчилгээг хангалтгүй авч байгаа нь ч нөлөөлжээ.
Эх сурвалж: “Өглөөний сонин”