Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро улсынхаа үндэсний криптовалютын худалдаанаас 735 сая ам.доллар олсон гэж мэдэгдлээ. Энэ талаар “Reuters” агентлаг мэдээлсэн байна. Венесуэлийн засаг захиргаа өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас криптовалют бий болгох ажлыг эхлүүлж, энэ сарын 20-ноос El Petro-гоо худалдаанд гаргаж эхэлсэн юм.
Каракас өөрсдийн гэсэн криптовалюттай болсноор “мөнгөний тусгаар тогтнол”-оо нэмэгдүүлж, АНУ-ын зүгээс ирэх “санхүүгийн хаалт шахалт”-ийг даван туулж болно гэдэгт итгэлтэй байна. Мадуро түүнчлэн El Petro-ийн худалдаа төсвийн орлогын шинэ эх сурвалж болоход дөхөм болно гэжээ.
Ерөнхийлөгч Николас Мадуро “Криптовалют нь Венесуэлийн байгалийн нөөц болох алт, нефть, алмаазын нөөцөөр хангагдана” гэж нэмж хэлсэн байна. Түүний хэлснээр El Petro-ийн нэг нэгж нь Венесуэлийн нэг баррель нефтийн үнэтэй тэнцэх гэнэ. Үүнээс гадна Мадуро Үндэсний агаарын тээврийн холбооноос түлш зэрэг бүх үйлчилгээний тооцоог үндэсний криптовалютаар хийж болно гэсэн санаачилгыг сайшаажээ.
El Petro нь Ethereum блокчейний ERC20 стандартаар үндэслэгдэн хийгдсэн. Үйлчлүүлэгчид үүгээр худалдаа хийхийн тулд тусгай цифрэн түрийвчтэй болох шаардлагатай ажээ. Каракас энэ оны эхээр 100 сая нэгж El Petro гаргахаар төлөвлөсөн юм.